Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-15” олон улсын театрын наадам өчигдөр /2020.08.30 /“Хүн” театрт болж шилдгүүддээ шалгаруулаа.
Энэ жилийн “Гэгээн Муза 15″ олон улсын театрын наадмыг монодрама, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, драмын гэсэн үндсэн таван төрлөөр зохион байгуулав.
Энэ жилийн драмын урлагийн “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн ззнээр “Бүсгүйн зурвас” жүжгийн Архай сайдын дүрээр Монгол Улсын гавьяат жүжигчин Б. Жаргалсайхан тодорлоо. Харин түүний хань, гавьяат жүжигчин Г.Урнаа “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн юм.
Тэгвэл Драмын урлагийн “Шилдэг эмэгтэй гол дүр”-ээр “Бүсгүйн зурвас” жүжгийн сэтгүүлч Итгэлийн дүрээр Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Золзаяа шалгарлаа.
2019 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол, УДЭТ-ын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н. Наранбаатарын бүтээл “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжиг “Гэгээн муза-15” наадмаас гурван МУЗА хүртлээ.
“Бүсгүйн зурвас” жүжигт оролцон тоглосон нийт уран бүтээлчдээ сайтынхаа уншигчдын өмнөөс урлагийн өндөр амжилт хүсье. Та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.