МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр туялзуур сэлэмний “Warriors fencing” клубийн дасгалжуулагч Г.Халиунаатай хамтран ажиллах хариуцлагын гэрээг үзэглэлээ. Г.Халиунаа нь МҮОХ-ноос энэ оны гуравдугаар сарын 04-нд Монголын спорт холбоодуудын дунд зарлагдсан ОУОХ-ны эв санааны нэгдлийн тэтгэлэгт дасгалжуулагчийн сургалтад сонгогдсон байна. Ингэснээр тэрбээр АНУ-ын Делаваре их сургуульд хагас жилийн турш цахим болон танхимын сургалтад суралцах юм.
Сургалт ирэх аравдугаар сард эхлэх бөгөөд 2021 оны гуравдугаар сард дуусах юм. Улмаар 2021 оны аравдугаар сард Швейцарийн Лозанн хотноо сэдэв хамгаалах шалгалтаа өгөхөөр болжээ. МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр дасгалжуулагч Г.Халиунаад амжилттай суралцаж төгсөөд туялзуур сэлэмний спортод тууштайгаар ажиллаж, энэ спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүсч байгаагаа хэллээ.
Г.Халиунаа 2015-2019 онуудад туялзуур сэлэмийн хүнд сэлэмийн төрөлд Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадамд тамирчнаар оролцож байсан. Мөн тэрбээр Монгол улсаас гадаадад дасгалжуулагчаар ажилласан туялзуур сэлэмний анхны багш юм. Тэрбээр БНХАУ-ын Уши хотын ахлах сургуулиудын шигшээ багт ажиллаж байжээ.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт Монголын туялзуур сэлэмний холбооноос дурсгалын сэлэмийг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.