ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2020 оны есдүгээр сарын 9,10-нд буюу сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд 1,816 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1,815 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Энэ нь ОХУ-ын ТИР машины жолооч, 53 настай эрэгтэй хүн байна.
Уг тохиолдлыг Дархан-Уул аймгийн салбар лабораторид анх илрүүлж, ХӨСҮТ-ийн төв лабораторид баталжууллаа.
Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 311 боллоо. Үүнээс 298 хүн буюу нийт тохиолдлын 96 хувь нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 9, гэрийн ажиглалтад 26 хүн байгаа бол 263 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 13 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж буй. Тэдгээр хүмүүсийн 6 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.