Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн захирал Б.Банзрагчтай ярилцлаа.
“Е Mongolia”-хөтөлбөртэй холбоотойгоор төрийн үйлчилгээг цахимжуулах ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимаар хийх талаар Монголбанк ажиллаж байгаа. Тэгэхээр хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудалд хэрхэн анхаарах вэ?
– Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажил 2016 оноос хойш Монголбанканд хийгдэж байна. Энэ явцад төрийн үйлчилгээг цахимжуулах нь төлбөрийн карт дээр үндэслэвэл илүү үр ашигтай байхаар байна гэдгийг тооцсон. Гэхдээ төлбөрийн картын системээр төрийн үйлчилгээний төлбөр тооцоог хүлээн авахад хэд хэдэн бэрхшээл тулгарч байсан юм. Нэгдүгээрт, системийн хувьд боломж хязгаарлагдмал, хоёрдугаарт, эрх зүйн хувьд ч зохицуулалт муу байсан. Монголбанк картын системийнхээ журамд тодорхой өөрчлөлт оруулж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоо гэж юу болохыг тодорхойлоод, улмаар үүнийг дамжуулахад системийн өөрчлөлтүүд хийгдсэн. Картын системийн бэлэн бус төлбөр тооцоонд шимтгэл бий. Уг системийг ашиглаж байгаа худалдаа, үйлчилгээний байгууллагууд тэр шимтгэлийг төлдөг. Төрийн хувьд төр өөрөө шимтгэл төлөгч болохоор байсан нь асуудалтай байсан хэрэг.
Ийм учраас манай арилжааны банкууд тэр систем рүү орох сонирхолгүй байсан. Тэгэхээр төрийн үйлчилгээ гэдэг бол төрийн сангийн нэгдсэн дансанд гүйлгээ нэг бүрчлэн ордог байх, нөгөө талдаа зөвхөн төрийн үйлчилгээтэй холбоотой шимтгэлийг хэрэглэгчээс авч болно гэж зохицуулсан. Ингэснээр эрх зүйн хувьд боломжтой болж, Үндэсний цахим гүйлгээний төв нь өөрөө Сангийн яамны Төрийн сангийн газрын өмнөөс картын системд оролцоод, тухайн гүйлгээ болгоныг нэг бүрчлэн төрийн сан руу шилжүүлэх системийн хөгжүүлэлтийг хийсэн.
Энэ хүрээнд эхний ээлжинд smartcar.mn вэб сайтаар автомашины торгууль, татвар хураамжийн төлбөрийг дамжуулж эхэлсэн. Үүнээс гадна нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд Төрийн банктай хамтарч, ПОС машинууд тавьсан.
Ингэснээр төрийн үйлчилгээг авахын тулд иргэд төрийн байгууллагаас гадна банкны аль нэг салбар дээр очиж дугаарладаг асуудлыг шийдэх гэж оролдсон. Нөгөө талаас төрийн үйлчилгээ өөрөө цахим болсон ч төрийн үйлчилгээтэй холбоотой төлбөр тооцоо цахимжихгүй байснаар энэ нь яг бүтэн цикл болж өгөхгүй байсан. Тийм учраас иргэн гэрээсээ төрийн үйлчилгээ авлаа гэхэд төлбөр тооцоог нь мөн тийм байдлаар шийдэх боломжийг нээж өгсөн.
Төлбөрийн үйлчилгээний дэд бүтцийн тал дээр таны хэлсэнчлэн нэлээд дэвшил гарсан. Гэхдээ байнгын болон сар бүр төлбөр төлөгддөг төрлийн бизнес хийхэд иргэний данснаас шууд мөнгө татагдаж болохгүй, хүндрэлтэй байсан. Энэ тал дээр ямар дэвшил гарсан бэ?
– Монголбанканд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Төлбөрийн системийн шинэчлэл” төсөл 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд бид нэлээд олон ажил хийсэн. Хамгийн түрүүнд төлбөрийн системийн дэд бүтцийг сайжруулахын тулд төлбөрийн системийн бие даасан сүлжээгээ өргөтгөсөн.
Нөөц холболттой болгосон. Мөн нууцлал, аюулгүй байдлын төхөөрөмжүүдээ шинэчилсэн. Төв банк өөрөө төлбөрийн системийн зохицуулагчийн хувьд дата төвүүдтэй. Тэр дата төвүүдээ шинэчилсэн гэх зэрэг ажлууд хийгдсэн. Монголын хувьд үндсэндээ гурван төрлийн төлбөрийн систем бий. Их дүнтэй буюу 3 сая төгрөгөөс бага, их дүнтэй буюу 3 сая төгрөгөөс дээш гүйлгээнүүд. Мөн картын гэсэн гурван систем бий. Энэ бүх системийг шинэчлэх ажлууд хийгдэж байгаа. Их дүнтэй гүйлгээний систем шинэчлэгдсэн.
Бага дүнтэй гүйлгээний хувьд өнгөрсөн оны наймдугаар сард “Автомат клиринг хаус” системийг нэвтрүүлж, бүрэн шинэчилсэн. Үүний давуу тал нь бага дүнтэй гүйлгээний хувьд бодит цагийн горим буюу нэг хэрэглэгчээс нөгөө хэрэглэгч рүү шууд дамждаг нь хэвээр үлдсэн. Ийм системтэй улс орон дэлхийд их цөөхөн. Үүнээс гадна нэмэлт давуу тал нь багцын гүйлгээний систем орж ирсэн. Ижил зориулалт бүхий нэг илгээгчтэй гүйлгээнүүдийг багцалж илгээх боломжтой болсон. Үүний хамгийн том хэрэглэгч нь Сангийн яамны Төрийн сангийн газар болж байгаа. Бидний мэдэхээр хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаалт, сугалааны мөнгө ч юм уу. Хамгийн сүүлд 1072 хувьцааны ногдол ашгийн буцаан олголт хийгдлээ. Энэ мэт их дүнтэй, олон хэрэглэгч рүү шилжүүлж байгаа гүйлгээнүүдийг багцалж илгээж байна гэсэн үг. Өмнө нь бол жишээлбэл хүүхдийн мөнгийг Үндэсний цахим гүйлгээний төв өөрсдөө боловсруулж, дамжуулдаг байсан. Үүнд 3 өдөр дор хаяж шаардагддаг байсан юм. Одоо бол энэ гүйлгээг бид 5-10 минутын дотор л илгээж байна. Өнгөрсөн оны мөн үеэс өдийг хүртэл Сангийн яамны Төрийн сангийн газраас энэхүү багцын гүйлгээгээр 1 их наяд төгрөгийн гүйлгээ боловсруулагдсан байна. Түүнчлэн сая таны хэлсэнчлэн таны тогтмол төлдөг төлбөрийг та өөрөө заавал оролцохгүйгээр банк хооронд гүйцэтгэх боломжтой болсон. Нэг ёсондоо та сар бүрийн гар утасны төлбөрөө сар бүрийн 15-ны өдөр 20 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр данснаас суутгах эрхээ харилцагч компанидаа өгсөн тохиолдолд таны данс аль банканд байхаас үл хамааран банк хооронд таталт хийгдэх боломжтой болсон. Үүнд банкууд болон финтек компаниуд ажиллаж байна. Мөн энэ системээр бий болсон бас нэг давуу тал нь дансны нэгдсэн сан юм. Тэгэхээр дансны нэр зөрснөөр гүйлгээ буцах магадлал хамаагүй багассан.
Төгрөг, ам.долларын гүйлгээнээс гадна цахим мөнгөний гүйлгээ хэрэглээнд нэвтэрсэн. Хамгийн анх Мобиком компани “Candy”-гээр зөвшөөрөл авсан. Дараа нь Ард санхүүгийн нэгдэл авсан байх. Цаашдаа энэ чиглэлд ямар ажлууд хийгдэх вэ, компаниуд шинээр цахим мөнгө гаргахаар зөвшөөрөл хүсч байгаа юу?
– Цахим мөнгө гаргах, цахим мөнгийг бүртгэж авах, хянах, зохицуулах эрх Төв банканд байдаг. Ялангуяа, 2018 оноос хэрэгжиж эхэлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар цахим мөнгө гэж юу вэ гэдгийг тодорхойж, цахим мөнгөнд хэрхэн зөвшөөрөл өгөх, зохицуулах вэ гэдэг асуудал нь хуулийн хүрээнд тодорхой болсон. Таны дурдсанчлан “Кэнди” цахим мөнгөний хувьд манайхаас зөвшөөрлөө аваад, сүүлд нэвтрүүлсэн ACH системд холбогдсон. Нэг ёсондоо цахим мөнгөө төгрөг болгох, төгрөгөө цахим мөнгө болгоход яг л банктай адилхан оролцогчоор бүртгэгдээд явж байгаа. Тэгэхээр бидний хувьд цахим мөнгийг зохицуулах ажлууд хийгдээд явж байна.
Ярилцсанд баярлалаа.