Энэтхэгт Улс коронавирусын батлагдсан халдварын тоо таван саяыг давснаар АНУ-ын дараа хоёрдугаарт бичигджээ. Энэ вирус Энэтхэгт улсад хурдан тархаж байгаа бөгөөд Мягмар гариг хүртэлх таван өдрийн туршид халдварын тохиолдол өдөр бүр 90,000-аар нэмэгдсэн байна. Эрчимт эмчилгээний ор хомстож, хүчилтөрөгчийн хангамж дутагдалтай байгаа гэсэн мэдээлэл байгаа бөгөөд 80 гаруй мянган хүн хүчилтөрөгчийн хомстлоос үүдэн нас баржээ. Гэхдээ зарим нас баралт өндөр орнуудтай харьцуулбал үзүүлэлт харьцангуй доогуур байна.
Тус улс халдвар дэгдэж эхэлснээс хойш хорио цээрийн дэглэмийг тогтоож, ингэснээр орон даяар олон сая ажлын байр царцаж, эдийн засагт зөргөөр нөлөөлж эхэлсэн. Сүүлийн үед хямралын эсрэг арга хэмжээг авах оролдлого хийж байгаа юм. Сургуулиуд, коллежууд, кино театрын танхимууд хаалттай хэвээр байгаа ч ихэнх ажлын байр, захууд хэвийн байдалдаа ороод байгаа. Зарим хотод ресторан, шөнийн цэнгээний газруудад архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг зөвшөөрч байгаа нь олны хөл хөдөлгөөнийг улам ихэсгэх бололтой.
Энэтхэг яагаад ийм байдалд хүрэв?
Ковид19-ийн эхний үед Энэтхэг Улс сайн ажиллаж, хатуу чанд дэглэм тогтоосон боловч нийслэл Дели, Мумбай зэрэг мегаполистуудад тархаж дараа нь жижиг хотууд болон хөдөө орон нутагт нэмэгдэж эхэлсэн байна. Тус улсын Засгийн газар байдлыг үл харгалзан өнгөрсөн 03 дугаар сараас 06 дугаар сарын хооронд эдийн засагт хүнд цохилт болсон хорио цээрийн дэглэмийн нөлөөнөөс гарахаар хязгаарлалтыг зөөлрүүлэв. Энэтхэг улс нээлттэй болж, хүмүүс ажилдаа эргэн орохтой зэрэгцэн халдварын тохиолдол улам бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 600,000 орчим тохиолдол нэмэгджээ.
Сүүлийн 24 цагийн дотор 90,123 тохиолдол нэмэгдсэнээр тус улс дахь халдварын тохиолдлын тоо 5,020,359 болж байна. Хэдийгээр вирус Энэтхэгийн Андаман арлуудын алслагдсан овог аймгийг оруулаад тус улсын өнцөг булан бүрт тархсан ч хэргийн дийлэнх хувийг таван муж улс эзэлж байна. Андхра Прадеш, Тамил Наду, Карнатака, Махараштра, Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар Прадеш мужид мөн идэвхтэй тохиолдлын 60 гаруй хувь нь байгаа аж.
Эх сурвалж: BBC.com
Бэлтгэсэн: Б.Нямзул