Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар ШИНОС мюзиклийн уран бүтээл туурвин, энэ сарын 24, 25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо.
Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм.
Шинос мюзиклд бүжиг, драм, цирк, дууны урлагийн бүхий л төрлийг багтаан найруулсан нь онцлог бүтээл болжээ.
Энэхүү орон нутгийн үзэгчдийг соён, гэгээрүүлэх, үзвэр, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тавигдсан шинэ уран бүтээлийн нээлтэд Соёлын яам, Улсын драмын эрдмийн театр, Урлагийн ажилтны холбоо, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн төлөөлөл оролцсон ба цаашид орон нутагтаа төдийгүй Улаанбаатар хот, бусад аймаг, орон нутгийн үзэгчдэд хүргэхээр зорин ажиллаж байна.