Жил бүр угаарын хийн хордлогын улмаас 2500 хүн эмнэлэгт хандаж, 20 гаруй хүн амь насаа алддаг. Энэ эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд иргэдтэй хамгийн ойр ажилладаг өрхийн хяналтын ажилтнуудын угаарын хийн эрсдэлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас, эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөө мэдээллийг өгөх шаардлагатай байдаг. Энэ хүрээнд өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран “Зөвлөмжийг дагая – Зөв хийе” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр: “Бид 2018 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд томоохон шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, нийслэлийн төвийн 6 дүүрэгт түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлсэн. Энэ ажлын хүндийг нуруун дээрээ үүрдэг хүмүүс бол эдгээр орон тооны бус хяналтын ажилтнууд байдаг. Өнгөрсөн жилүүдэд угаарт хорддог, цаашлаад эрүүл мэнд, амь насаар хохирдог асуудлууд гарсаар байсан. Үүнийг хамтын хүчээр олон цогц байдлыг бий болгож, тэр дундаа хороо нэгжийн бүртгэл, судалгаан дээр үндэслэн даван туулах боломжтой гэж бид харж байгаа. Иргэдэд шууд хүрч ажилладаг хяналтын ажилтнуудыг мэдлэг мэдээллээр хангах, заавар зөвлөгөөг нэмэгдүүлснээр өвлийн ачааллыг хохирол, эрсдэлгүйгээр даван туулах юм.”
Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: “Өнөөдрийн байдлаар нийслэл хотод галлагаа хийдэг 200 мянга гаруй айл өрхүүд байна. Эдгээр өрхүүдэд 200 айл тутамд нэг багийн 10 хүн хяналт тавин ажиллаж байгаа. Намрын галлааны үе эхэлсэн байгаа энэ үед 4200 хяналтын ажилтны ажлыг эрчимүүлэх, угаарын эрсдэлд өртөж байгаа айл өрхүүдийн гаргаж байгаа алдаа, дутагдлыг сэрэмжлүүлэх, нэг ч иргэний амь насыг эрсдүүлэхгүйн төлөө өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа.”
Орон тооны бус өрхийн хяналтын 4200 гаран ажилчид өнөөдөр ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, өвлийг өнтэй давах зөвлөгөө, мэдээллээр ханган, ажиллаж байна. Мөн тэд өрхүүдийн яндангын хөөлөлт, ханын пийшин, зуухны аюулгүй байдал, бүрэн бүтэн эсэхэд шалгалт хийхээс гадна түүхий нүүрс түлэх тохиолдлуудаас сэргийлэн хяналт тавьж ажилласаар байгаа юм.
Чингэлтэй дүүргийн 16-р хорооны орон тооны бус хяналтын ажилтан Г.Уранчимэг: “Миний хувьд сайжруулсан түлшийг анх хэрэглээнд нэвтэрснээс буюу 2 жилийн турш орон тооны бус хяналтын ажилтнаар ажиллаж байна. Бид айл өрхүүдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжөө тараах, зөвлөгөө өгөх, утаа мэдрэгчийн ажиллагааг шалгах, зуух пийшингийн бүрэн бүтэн байдлыг ажих гэх мэтээр иргэдтэйгээ тулж ажилладаг. Айл өрхүүдийн хамгийн их гаргаж байгаа алдаа, эрсдэл нь хайнга байдал гэдэг нь анзаарагддаг. Жишээ нь тамхины утаанд угаар мэдрэгч ажиллаж дугардагаас нь төвөгшөөн зориуд унтраадаг тохиолдол их байна. Ингэснээр угаарын эрсдэлээс сэргийлэх боломж, нөхцөл дагаад багасна. Мөн яндангаа дутуу хөөлөх, пийшин зуухны хагарч, цуурсныг засдаггүй, тоодоггүй нөхцөл байдал ч их бий. Гэхдээ нэг үеэ бодоход иргэд харьцангуй мэдээлэлтэй болсон байна. Энэ нь орон тооны бус хяналтын ажилтнуудын иргэдэд хүрч ажиллаж байгаагийн нэг илрэх юм. Бид өнөөдөр иргэддээ өгөх мэдээ, мэдлэгээ нэмэх, зөвлөмжөө үр дүнтэй, ойлгомжтой байлгахад чиглэсэн зөвлөгөөнд оролцлоо. Агаарын бохирдлыг бууруулах ажилд иргэдтэйгээ хамтран ахиц гаргаж чадна гэж итгэж байна .”
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, иргэдийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг энэ сарын 1-нээс улс орон даяар эхлүүлсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 70119400 утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 12000 гаруй иргэнд яндан хөөлөх зөвлөгөө мэдээллийг өгч, 5000 айлын янданг хөөлөөд байна.