“UFilm Уран Бүтээлийн Нэгдэл” 2013 оноос эхлэн ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single Ladies” киног бүтээж эхэлсэн билээ. Тэгвэл тус цувралын төгсгөлийн дөрөв дэх анги маргааш буюу аравдугаар сарын 1-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаа 2013 оноос эхлэн UFilm Уран Бүтээлийн Нэгдлийг үүсгэн байгуулж ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлэх “Single ladies-1, 2, 3 ” уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгосон билээ.
“Single ladies” цувралын өмнөх нэг, хоёр, гуравдугаар ангийн зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичсэн бол дөрөвдүгээр ангийн зохиолыг яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа бичиж, киноны ерөнхий найруулагчаар Л.Бат-Амгалан, ерөнхий зураачаар Соёл урлагийн их сургуулийн багш, зураач Б.Нямхүү, хөгжмийн зохиолчоор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-од нарын уран бүтээлчид ажиллажээ.
20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, нийгмээс тэдэнд үзүүлж буй хандлагыг хөгжилтэй, адал явдалт өгүүлэмжээр харуулсан киноны шинэ анги 13-р зууны үеийн эмэгтэйчүүдийн талаар өгүүлэх аж.
“Single Ladies” цувралын гуравдугаар ангийн зураг авалт Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг хийгдсэн бол дөрөвдүгээр ангийн зураг авалт Дундговь, Төв аймаг, Турк улсад хийгдсэнээр онцлог болсон байна.