УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Намрын чуулганаар нийт 112 хуулийн төсөл, тогтоолыг хэлэлцэх юм. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Тэрээр “Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд, түлхээд өгөх хэрэгтэй байна. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсэж байна.
Асуудлынхаа эрэмбийг олж харъя! Эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна. Баялаг нь байгаа, боломж нь байгаа. 80 сая дөхөж байгаа мал сүрэг бидэнд хангалттай орлого өгөхөд бас бэлэн байгаа. Бид мөнгө болгож чадахгүй хаяж байгаа нь дэндүү арчаагүйнх гэхээс өөрөөр юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна.
Одоо жижиг сажиг сүржигнэл, хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч гэж дахин дахин Та бүхнээс хүсэж байна. Ширүүн өвөл, эдийн засгийн доройтол ирж байна. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийг үлэмж агшина гэдгийг мөн анхаарууллаа. Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ?
Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байна. Бүгдийг зэрэг шийдэх ямар ч боломжгүй. Хамгийн чухал, хамгийн суурь асуудлаа эхэнд нь эрэмбэлж байж л асуудлууд ар араасаа шийдэгддэг нь зүй тогтол юм. Та бүхнийг үйлдвэржилтийг өрнүүлж, үй олон ажлын байр бий болгох, экспортын орлого ихээр олох асуудлыг эн тэргүүнд эрэмбэлээд, хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсэж, бас шаардаж байна.
“Хойд хормойгоо хэсэглэн авч, Урд хормойгоо урлан нөхөөд” гээд ардчиллын дууч С.Цогтсайханы дуулж байсан тэр цаг үе 30 жилийн дараа ч хэв хэвээрээ байгаад үнэхээр харамсаж байна. Өрийг өрөөр дарчихаад дайснаа дарсан мэт хөөрцөглөж суухаар орлого олоход толгойгоо өвтгөөч ээ. Цаг хугацаа Та бүхний аясыг дагахгүй. Маш хурдтай өнгөрч байгаа цаг үетэйгээ хөл нийлүүлдэггүй юм гэхэд ядаж хол хоцорчихгүй шиг ажиллах арга чарга байна уу гэж би олонхоос асууя.
Өнөөдрийг хүртэл явж ирсэн зам, хэрэглэж ирсэн арга барил, шийдэл, хийж ирсэн сонголт маань хамгийн зөв нь мөн үү гэдгийг улсаараа эргэцүүлж, эрс өөрчлөлт хийх цаг иржээ. Өөрчлөлт бол хөгжлийн цор ганц нөхцөл мөн гэж мэргэд сургасныг мөн санах хэрэгтэй. Төсөвт хандах цэвдэг хандлагаа Та бүхэн өөрчлөхгүй бол сүйрэл авчирч мэдэхээр байна шүү.” гэлээ.