НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлэх, галлагааг зөв хийх, утаа мэдрэгчийг суурилуулах зэрэг хэрэглээний ажлуудыг хийж байгаа.
“Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны хяналтын ажилтнууд айл бүрээр орж зөвөлгөө мэдээлэл өгч, өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн янданг хөөлөх, пийшин зуухыг засварлаж байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр ажлыг хийж байгаа.
Тиймээс өрх бүр галлагааны аюулгүй байдлыг хангаж, яндангаа хөөлж, галлагааг зөв хийх, агааржуулалтын системээ сайжруулан утаа мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай.
Угаар мэдрэгчийнхээ хэвийн ажиллагааг тогтмол шалгаж байх хэрэгтэй байна. Галлагааны улирал эхэлснээс тодорхой тооны хүмүүс хойш угаарын хийнд хордсон байдлаар эмнэлэгт хандаж, зөвлөмж зөвлөгөө авсан.
Одоогоор угаарын хийнд хордож эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол байхгүй байна. Угаарын хийн хордлогоос бүрэн сэргийлэх боломжтой. Гэр хорооллын өрхүүд угаарын хийн мэдрэгчээр одоогоор бүрэн хангагдсан” гэв.
Мөн галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор угаарын хийнд хордсон дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулаад иргэдийн зүгээс худал дуудлага өгөх тохиолдол ч гарч байгааг мэдээллээ.Тухайлбал, архи согтууруулах ундаа хэтрүүлсэн үед нь бие нь муудах эсвэл даралт ихэссэн үедээ угаарын хийнд хордчихлоо гэсэн дуудлага өгсөн тохиолдол удаа дараа гарчээ.Иймд зарим иргэн хуурамч дуудлага өгч, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулсан юм.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 250 гаруй борлуулалтын цэг ажиллаж байна.
Борлуулалтын цэгүүдэд түлшний хомсдолд ороогүй хэвийн ажиллаж байгаа талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал мэдээллээ. Агаарын чанарын үзүүлэлт өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад стандартын хэмжээнд байгаа аж.
Энэ сарын 15-ны өдөр хүртэл тарваганы мах оруулж ирэхийг хориглох шийдвэр гарсан. Иймд ард иргэдийг хуулиар хориотой амьтны махыг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байхыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил зөвлөлөө.