Арван нэгдүгээр сарын 4 – ОХУ-ын сансрын цэргийн өдөр юм. 2018 онд В.Путин Холбооны хуралд илгээлт явуулахдаа хэд хэдэн шинэ гиперпуужин хийсэн тухайгаа зарлаж билээ. Түүний үзүүлсэн видео нь илтэд анимацийг санагдуулж байсан учраас “үзэл суртлын сүрдүүлэг биз” гэж бодоод нэг их үнэмшсэнгүй. Гэтэл одоо нөгөөхийг чинь АНУ болон дэлхийн цэргийнхэн яриад шуугиад эхлэв. В.Путин үнэн хэлжээ, үнэхээр оросууд аймшигтай зэвсэг бүтээж чаджээ. Шинэ аймшигт зэвсэг түрүүчээсээ армийн зэвсэглэлд орж, байнгын шинэ анги нэгтгэлүүд бий болсны дараа одооноос л зарим зүйл тодорхой болж байна. Цаана нь хэдэн аймшигт зэвсэг байгааг ёстой бүү мэд. Хэн ч бүх хөзрөө дэлгэдэггүй. Ингээд оросын шинэ гиперпуужингийн “Авангард” системийн талаар ил гарсан зарим мэдээллийг сонирхуулж байна…
Түүх ингэж эхэлжээ
“Авангард” бол удирддаг байлдааны блокоор цэнэглэсэн пуужингийн цогцолбор (комплекс) аж. Дайсны пуужингийн эсрэг хамгаалалтыг нэвтлэх зориулалттай.
1980-аад оны дундуур Реутов дахь Шинжлэх ухаан Үйлдвэрлэлийн Нэгдэлд ерөнхий зохион бүтээгч Павел Судюковын удирдлага дор “4202” нууц дугаартай нэгэн төсөл эхэлжээ. Энэ төслийн зорилго нь АНУ-ын пуужингийн хамгаалалтын хүчирхэг системд хатуу хариу барих явдал байжээ.
Төслийн шинэ санаа нь нисдэг (планирующий) далавчит байлдааны блокоор тоноглосон тив алгасагч тусгай пуужин бүтээх явдал аж. 1987 онд төслийг баталж, “Альбатрос” гэсэн нэр өгчээ.
Ингээд 1989 он болоход Орост ардчилал болж юун пуужин хийхтэй манатай болж, эдийн засгийн шалтгааны улмаас төслийг зогсоожээ. Гэхдээ зохион бүтээгчид бууж өгсөнгүй. Тэд ядахдаа нисдэг блокийн боловсруулалтыг үргэлжлүүлэх талаар Засгийн Газраа янз бүрээр ятгажээ. Ингээд арай ядан зөвшөөрөл олж авав. Мөнгө хэмнэх үүднээс шинэ зөөгч пуужингийн оронд бэлэн байсан “УР-100Н УТТХ” пуужинг сонгож авчээ.
1990 оны эхээр системийн туршилтын хоёр харвалтыг гүрийж байгаад хийж амжжээ. Ингээд Орос оронд хямрал нүүрлэж, батлан хамгаалах зардлыг хасах биш, танах биш, шууд тас хяргадаг болжээ. Ийм хүнд үед Ерөнхий зохион бүтээгч болсон Герберт Ефремов үйлдвэрийнхээ техникийн болон боловсон хүчний потенциалыг хадгалан үлдэж чадсан байна.
Оросууд пуужингаа хөрөөдөж, батлан хамгаалах том том төслүүдээ зогсоох буюу танасаар байтал АНУ эсрэгээр зэвсэглэлээ эрс нэмэгдүүлэх болов. Улмаар АНУ “Пуужингийн эсрэг хамгаалалтын системийг хязгаарлах тухай Гэрээ”-ээс гарав. Энэ нөхцөлд Оросын Засгийн Газар 2001 онд уг төслийг дахин сэргээх шийдвэр гаргажээ.
Ингээд төслийн ажил сэргэж, ихээхэн хурдтай ажиллаж амжилтад хүрч эхэлжээ. 2004 оны 2 дугаар сард ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга Юрий Балуевский: “гипер дууны хурдаар нисэхдээ маневр хийж чаддаг сансрын аппаратыг туршлаа” гэж мэдэгдэв.
Улмаар 2005 оны 9 дүгээр сард Ю.Путин: “Бид дэлхийд хэнд ч байхгүй шинэ стратегийн цогцолборыг боловсрууллаа. Энэ зэвсэг гипер хурдаар нисэж, чиглэл болон өндрөө өөрчилж чадах бөгөөд пуужингийн эсрэг хамгаалалтад бараг баригддаггүй” гэж мэдэгджээ.
Гэвч цаана нь бас их зовлон байжээ. 2013-2015 оны хооронд хийсэн туршилтууд амжилтгүй болж, аппаратын тогтвортой нислэг, мөн өндөр хурднаас үүсэх хэт өндөр темпратураас хамгаалах аргуудыг бүрэн олж чадсангүй. Улмаар Засгийн Газар “шал дэмий” мөнгө асгасан төслийг хаах дээрээ тулав. Бүтэл нь хазайна гэж үүнийг л хэлдэг байх…
Зохион бүтээгчид бас л бууж өгсөнгүй, “жаахан мөнгө” салгаж чадсан байна. Цуврал хэдэн туршилт хийсний дараа зохион бүтээгчид найдвартай удирдлагын систем бүтээж, хэт халуунд тэсвэртэй материал гарган авч чаджээ. Пуужинт блокийг Москвагийн Шинжлэх ухаан Үйлдвэрлэлийн “Наука” нэгдэлд шинээр хийсэн дулаан зохицуулах системээр тоногложээ.
Ингээд 2018.03.01-нд Ю.Путин “Авангард” систем бүтээснээ зарлав. Тэр үед би В.Путиныг “хүүхэлдэйн кино” үзүүлж байна гэж бодож байсан. Би сайндаа ч “бодсон” биш, Барууны хэвлэлүүдэд яг тэгж бичиж байсан бөгөөд би тэрэнд л “үнэмшсэн” хэрэг л дээ..
2018 он гэхэд “2027 он хүртэлх зэвсэглэлийн улсын программ”-аас “РС-26 “Рубёж”, “БЖРК “Баргузин” пуужингийн аймшигт цогцолборуудыг хасаад хаяв. Оронд нь бидний одоо ярьж буй “Авангард” төсөл ганцаараа цоройгоод гараад ирэх нь тэр. Гурвын гурван аварга том төслийг санхүүжүүлэхэд мэдээж ихээхэн хөрөнгө мөнгө дутна. Ингээд оросууд сонголт хийжээ. Эндээс “Авангард” төсөл маш их ирээдүйтэй гэдгийг төсөөлж болно байх…
“Ид шид” нь юу юм ?
“Авангард” пуужингийн тактик-техникийн үзүүлэлтүүд одоо болтол маш нууц ангилалд ордог.
“Авангард” 20 Мах буюу түүнээс давсан хурдтай. Энэхүү “Мах” гэдэг хэмжигдэхүүн дууны хурдтай тэнцэх хурдыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, секундэд 330 м буюу цагт 1200 км орчим хурд 1 Мах болно. Тэгэхлээр “Авангард”-ын 20 Мах хурд гэдэг бол цагт 24000 илүү километр хурдална гэсэн хэрэг. Энэ бол ухаан санаанд багтамгүй галзуу хурд болой. “Авангард” нислэгийн явцдаа гадаргуу нь 1600-2000 цельсийн градус хүртэл халдаг учраас галт бөмбөлөг мэт харагддаг аж.
Толгой нь олон салах бөгөөд толгой тус бүр өөрөө байгаа олдог чиглүүлэгчтэй учраас “бие даасан” пуужин мэт ажилладаг. Түүнээс гадна “Авангард” тив алгасан нисэх чадвартай. Мэдээж хэрэг цөмийн зэвсэг тээнэ.
Гипердууны нэг “Авангард” блок 800 килотонноос 2 мегатонн байлдааны хүчин чадалтай. Урт нь ойролцоогоор 5-7 м гэж харсан хүн баталдаг. Хэдэн мянган градус халууныг тэсвэрлэх чадвартай тусгай материалаар хийсэн бөгөөд лазерын туяанаас найдвартай хамгаалсан.
“Авангард” цогцолборын байлдааны блок тус бүр өөрийн хөдөлгүүртэй, иймээс нислэг дундаа чиглэл, өндөр болон хурдаа агшин зуур өөрчилдөг. Өөрөөр хэлбэл хаос хөдөлгөөн хийдэг учраас эсрэг тал түүнийг илрүүлэх болон барих, хариу пуужин харвах боломж одоохондоо байхгүй.
Зарим сонин хэвлэлийн цуурч байгаагаар оросууд аль эрт сансрын сөнөөгч онгоц (истребитель) “Спираль” гэдгийг хийж байсан нь “Авангард”-ын үндэс болсон гэж ч ярьж байна.
Үнэхээр ч орос болон америкчууд өөрийгөө чиглүүлдэг, задардаг толгой бүхий пуужингууд хийж байсан юм. Жи: Оросын толгой нь 10 салдаг “Сатана” (“Воевод”), америкийн “Першинг” зэрэг пуужинг дурдаж болно.
“Авангард” пуужингийн цогцолборыг 2018 оны 7 дугаар сард дуусгаж, удалгүй бөөнөөр үйлдвэрлэж эхэлжээ.
2018.12.26-нд Оренбург мужийн Домбаровский районы Кура хөөргөх талбайгаас бөөний үйлдвэрлэлийн “Авангард”-ыг амжилттай хөөргөжээ. Ерөнхий сайдын орлогч Юрий Борисовын баталж байгаагаар туршилтын үед “Авангард-ын хурд 27 Мах хүрчээ. Тэгвэл “Авангард” 32400 км/цаг хурдалдаг болж таарч байна.
Ингээд 2018.12.26-нд В.Путин “Авангард” системийн туршилтын хөтөлбөр амжилттай дууссаныг мэдэгдээд шинэ 2019 онд “Стратегийн зориулалттай пуужингийн цэрэгт анхны хороодыг байгуулах болно” гэж мэдэгджээ. Түүнчлэн В.Путин “”Авангард” шинэ системийг болзошгүй дайсны Агаараас хамгаалах өнөөгийн болон хэтийн хэрэгслүүд илрүүлж чадахгүй. Энэ бол том амжилт, том ялалт” гэж итгэл төгс мэдэгдэв.
“Авангард”-ын анхны хороо 2019.12.29-нд Оренбург мужид байгуулагдаж, байлдааны жижүүрт гарчээ.
Нэг “Авангард”-ыг сөнөөхийн тулд америкийн “SM-3” эсрэг пуужин (противоракет) 50-иас доошгүй байх хэрэгтэй гэж ОХУ-ын БХЯ-ны экспертүүд тооцож гаргасан байна. Ингэхээр чинь “Авангард”-ыг сөнөөх, түүнээс хамгаалах боломж тэгтэй тэнцэж байна.
“Онолын” хувьд бол дэлхий орчмын тойрог замд байрлуулсан хэт ягаан туяа мэдрэгчээр л “Авангард”-ыг илрүүлж болох аж.
Агуу зохион бүтээгч
В.Путин: “Авангард”-ыг зохион бүтээсэн хүн бол Герберт Александрович Ефремов гэж цохон дурдсан. Герберт Ефремов 1933 онд төрсөн орос, зөвлөлтийн эрдэмтэн, пуужин болон сансрын пуужинт техникийн зохион бүтээгч юм. Социалист хөдөлмөрийн баатар (1963), Хөдөлмөрийн баатар (2017), Лениний шагналт (1982), Төрийн шагналт (1974), Засгийн Газрын шагналт (2002).
Батлан Хамгаалах “ВПК..НПО машиностроения” нэгдлийн Ерөнхий захирал, хүндэт Ерөнхий зохион бүтээгч.
Г.Ефремов нийтдээ 80 гаруй пуужин болон сансрын пуужинт техник зохион бүтээжээ. Тухайлбал: далавчит пуужингийн “Метеорит” цогцолбор, хөлөг онгоцны эсрэг “Прогресс”, “Аметист”, “Малахит”, “Базальт”, “Вулкан”, “Гранит”, “Оникс” пуужингийн цогцолборууд, далавчит “Яхонт” болон “БраМос” пуужин, стратегийн зориулалттай тив алгасагч пуужингийн УР-100, УР- 100К, ЦР-100У, УР-100Н, УР-100Н УТТХ цогцолборууд, сансрын автомат станц “Алмаз”, зөөгч пуужин “Стрела”, сансрын “Кондор” болон “Руслан” аппаратуудыг зохион бүтээжээ.
Гэсэн хэдий боловч Г.Ефремовын суут бөгөөд аймшигт бүтээлүүдийн ноён оргил нь “Авангард” болох нь эргэлзээгүй. Эрдэмтэн хүн Эх орондоо ингэж тус болдог аж. Түүний талаар үүнээс илүү мэдээлэл байдаггүй.
Оросууд түүнийг ихэд хүндэтгэх бөгөөд Нарын системийн нэгэн жижиг гаригт түүний нэрийг өгч “Гербефремов” гэж мөнхжүүлжээ.
Үнэлгээ
“Оросууд гипердууны “Авангард” блокийг зэвсэглэлд авснаараа АНУ-д ноцтой дуудлага өгч байна” гэж “National Interest” сэтгүүлд нэрт зэвсгийн шинжээч Питер Сучиу дүгнэжээ.
Хятадын экспертүүд “Оросын “Авангард” америкийн пуужингийн хамгаалалтыг “үгүйрүүлэх” чадвартай” гэж дүгнэжээ. Дашрамд үүнийг дээр дурдсан Питер Сичиу хүлээн зөвшөөрсөн байна.
“Ийм маягийн нисэгч блокууд нь манай пуужингийн эсрэг хамгаалалтын системийн цоорхойнуудад цохилт өгнө. Манай пуужингийн эсрэг хамгаалалтад тулгарсан өнөөгийн байдлыг өөрчлөх цаг хугацаа бидэнд алга” гэж Вашингтонд байдаг Стратегийн болон Олон Улсын Судалгааны Төвийн (CSIS) пуужингийн эсрэг асуудлуудыг судлах Хөтөлбөрийн захирал Томас Карако мэдэгджээ.
“Бидний эсрэг иймэрхүү зэвсэг хэрэглэхээс урьдчилан сэргийлж чадах ямар ч зэвсэг манайд байхгүй” гэж АНУ-ын Стратегийн зэвсэгт Хүчний тэргүүн, генерал Жон Хайтен зэвсэгт хүчний асуудлаар хийсэн Сенатын комиссийн сонсгол дээр мэдэгджээ.
Тэрээр мөн “Бид Орос, Хятад хоёрыг ийм хол явахад хүргэсэн нь харамсалтай” нэмж мэдэгджээ.
Дайснууд нь ингэж дүгнэж байхад би юу нэмж чадах билээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2020 оны 10 дугаар сарын 03.