“Гадаадад эмчлүүлэх иргэдэд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болъё”

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.10.06/ “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна. Харин тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгасан байдаг.

Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн ЭМ-ийн сайд асан Д.Сарангэрэл, ХНХ-ын сайд С.Чинзориг нарыг чөлөөлж, тэдний оронд ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан, ХНХ-ын сайд А.Аюуш нарыг томилох тогтоолыг төслийг Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэн, дэмжлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

-Үндэсний зөвлөлийн гишүүдийг цаашид албан тушаалаар нь томилдог болмоор байна. Үндэсний зөвлөлийн гишүүдийг заавал сайд нарын түвшинд томилдог зэрэг асуудлыг ч цаашид авч үзэх хэрэгтэй. Сайд нар давхар Засгийн газрын ажилтай байдаг учраас Үндэсний зөвлөлийн хуралд тэр бүр оролцоод байж чаддаггүй. Хуучин бол яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын төлөөлөл байсан. Ашиг сонирхлын зөрчил  ч их гардаг. Жишээ нь Эрүүл мэндийн сайд нь үндэсний зөвлөлтэйгөө зөвшилцөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргыг томилдог хуультай. Эргээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргыг сайд нь хамт хийхээр өөрөө өөртөө зөвшилцөж байгаа мэт ийм асуудлууд бий. Цаашид өөрчилж, Төрийн нарийн бичгийн дарга нарын төлөөллийг оруулах хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ:

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар даатгуулагчийг төлөөлж мөн ажил олгогчдыг төлөөлсөн гишүүд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд ордог. Тус төлөөллийн хүмүүс нь хэвээр үлдэж байгаа юм уу, ямар хүмүүс төлөөлдөг вэ.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар хуульд тусгасан байдаг. Даатгуулагчыг төлөөлсөн гишүүнээр ТӨБЗГ-ын даргын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн эдийн засагч, эрүүл мэндийн даатгалын шинжээч Ч.Цолмонгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нар, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, “Мардай” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Ганхүү,“Макро эдийн засаг ба Эрүүл мэнд” ТББ-ын тэргүүн Д.Чимэддагва нар төлөөлдөг. Тэднийг  2017 онд таван жилийн хугацаатай томилсон учраас чөлөөлөгдөх хугацаа нь дуусаагүй. Гэхдээ зарим гишүүн нь Монголд байдаггүй, гадаадаас онлайнаар хуралд оролцдог зэрэг асуудал байгаа. Тиймээс энэ талаар эргэн ярилцах шаардлага бий. Зарим гишүүн нь өнөөдөр нэр дэвшээд явж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ:

-С.Чинзориг гишүүнтэй санал нэг байна. Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд  төрийг төлөөлсөн гишүүд нь хуулийн дагуу солигддог. Цаашид албан тушаалаар нь оруулдаг байх нь зөв. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн өнгөрөгч долдугаар сарын 7-ны өдөр томилогдсон. Гэтэл өнөөдөр бараг гурван сар өнгөрсний дараа  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн чөлөөлөх, томилох  асуудлыг оруулж ирж байна. Энэ хугацаанд тус зөвлөлөөс тодорхой шийдвэрүүд цаг алдаж гарч байгаа гэсэн үг. Хэрэв өнгөрсөн гурван сарын хугацаанд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн хадгаламжийн хугацаа нь дуусаж харилцах руу шилжвэл  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг буруутгадаг. Угтаа УИХ шуурхай шийдээгүйгээс ийм асуудал гарна. Хэрэв албан тушаалаар нь шууд солигддог байсан бол дараагийнх нь залгамжлаад явна. Тийм учраас цаашид албан тушаалаар нь томилдог байх нь зөв.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР:

-Эрүүл мэндийн даатгалыг бие даасан болгохын тулд 2013 онд миний бие хуулийг нь санаачилж, батлуулж байсан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг ЭМЯ, ХНХ-ын яамны аль нь авах гэж хоорондын марофон сүүлийн 20 жил үргэлжилж байгаа.  Харьцангүй салбарын яам нь илүү оролцоотой болж байгаа гэж ойлгосон. Эрүүл мэндийн даатгалын ажилтнууд төрийн ажилтнууд биш, шимтгэлээр санхүүждэг. Өөрөөр хэлбэл, даатгуулагчдын халааснаас гардаг мөнгөөр санхүүждэг. Олон нийтийн статустай байх ёстой. Өнөөдөр өвчин тусахад иргэд санхүүгийн эрх чөлөөтэй байх гэж Эрүүл мэндийн даатгалаа төлдөг. Гэтэл өвдсөн хойно нь санхүүгийн эрх чөлөө нь байдаггүй. Байраа барьцаалж, дараа нь хамаатангуудынхаа хөрөнгийг барьцаанд тавиад дуусдаг. Энэ бол бодит үнэн. Мөн даатгал төлсөн иргэд мэддэгүй эмээ худалдаж авдаг. Биднийг төлөөлөх, хөндлөнгийн итгэлтэй хүнээ сонгох гэж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулсан. ЭМЯ эрүүл мэндийн салбарын эмнэлгүүдээс буюу өөрөө өөрөөсөө худалдан авалт хийж байгаа шүү. Энэ асуудалд Т.Мөнхсайхан сайд анхаарай. Та шударга ажиллахгүй бол их мөнгийн асуудал гомдол тасардаггүй шүү. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчдийг төлөөлдөг хүмүүс нь улс төрийн эсвэл дарга, цэргийн хамааралгүй шударга хүмүүсийг оруулж өгөөрэй. Өнөөдөр иргэд даатгалд итгэхгүй байгаа учраас мөнгөө төлөхдөө хойрго ханддаг. Таван даатгалын ганц баян нь Эрүүл мэндийн даатгалын сан. Энэ сан мөнгөтэй учраас үүн рүүгээ бүгд шунадаг.Гэтэл Тэтгэврийн сан нь хасахтай, төсвөөс татаас авдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН, БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ:

-Эрүүл мэндийн даатгалын чиглэлийн хууль эрхзүйн орчинг нэлээд сайжруулж өгсөн. Ард иргэддээ аль болох ээлтэй байхаар хуулиудыг өөрчилсөн. Эрүүл мэндийн даатгалд эрсдэлийн сан гэж бий. Энэ сангийн мөнгөнөөс  эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэхэд зориулмаар байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн тооцоо, судалгаанаас харахад 10 тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эх орондоо эмчлэгдэх боломжгүй 39  нэр төрлийн өвчний жагсаалт 26 болсон. Сошиал орчинд нэг нэгнээсээ гуйлга гуйдаг энэ хүнд байдлыг жоохон ч гэсэн засмаар байна. Энэ боломж нь ч байгаа. Ялангуяа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд төрийг төлөөлөх гишүүд нь энэ асуудалд анхаараарай гэж хүсч байна.  Түүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ЭМЯ-ныхаа харьяанд байх нь зөв гэв.

Ийнхүү үг хэлж дууссанаар С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 88.9 хувийн саналаар дэмжлээ. Мөн Засгийн газрын гишүүн А.Ариунзаяа, Т.Мөнхсайхан нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Засгийн газрын гишүүн Т.Мөнхсайханыг томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 88.9 хувийн саналаар дэмжив

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …