Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр Швейцарийн Женев хотод тусгай уулзалт хийжээ. Энэ уулзалтын үеэр дэлхий дээр амьдарч байгаа 10 хүн тутмын нэг коронавирусийн халдвар авч болзошгүй гэсэн судалгааг танилцуулжээ.
Тиймээс дэлхийн долоон тэрбум гаруй хүн амын дийлэнх нь халдвар авах эрсдэлтэй хэвээр байгаа гэдгийг сануулсан байна. Одоогоор коронавирусээр 35 сая гаруй хүн халдварлаж, сая гаруй хүн эндээд байгаа. Мэдэгдэж байгаа тоо баримт энэ боловч үнэн хэрэгтээ 800 сая хүн халдвар авна гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд тооцоолжээ.
Өнгөрсөн хугацаанд мэргэжилтнүүд халдвар авсан хүмүүсийн тоо мэдэгдэж байгаагаасаа ч хэд дахин илүү байгаа хэмээн анхааруулсаар ирсэн юм. Ковид-19 тархаж эхлээд 10 сарын хугацаа өнгөрсөн боловч халдвар намжих шинж тэмдэг огт ажиглагдахгүй байна. Зарим улс орнууд хорио цээрийн дэглэмийг сулруулснаар халдварын хоёр дахь давлагаанд өртөж, хоёр дахь удаагаа өмнөхөөсөө ч эрчимтэйгээр тархаж байгаад сэтгэл зовнисоор байна.
ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райн дэлхийн хүн амын 10 хувь коронавирусийн халдвар авна гэсэн судалгаа хийснээ танилцуулсан. Ингэхдээ хот суурин газар, алслагдсан хөдөө орон нутагт байгаа эсэхээс шалтгаалан хэд хэдэн өөр төрөлд хуваагджээ. Тухайлбал цар тахлын халдвар болоод нас барсан тохиолдлуудын бараг 70 хувь нь Америк, Энэтхэг, Бразил гэсэн гурван улсад л бүртгэгдсэн байна.
Ковид-19-ийн тархалттай холбоотой зарим мэдээллийг сонирхуулахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт коронавирусийн халдвар авч амралтын өдрүүдийг эмнэлэгт өнгөрөөсөн ч даваа гарагт эмнэлгээс гарчээ. Францын Парис, Испанийн Мадрид хотуудад халдварын тархалт дахин нэмэгдсэн тул хорио цээрийн шинэ арга хэмжээнүүдийг дахин авч хэрэгжүүлж байна. Харин Иран улсад даваа гарагт 24 цагийн дотор 235 иргэн нас барж, 4,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй өндөр тоо учраас эрх баригчид энэ долоо хоногоос эхлэн Тегеран болон ойролцоох хотуудад сургууль, их сургууль, номын сан, сүм хийд зэрэг олон нийтийн газруудыг хаах шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: ВВС