Олон Улсын Олимпийн Хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах энэ сарын 02-ны өдөр ОУОХ-ны нийт гишүүн Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгчидтэй цахим уулзалт хийж, “Токио-2020” олимпийн наадмын талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ. Цахим уулзалтад нийт 150 гаруй орны Олимпийн хорооны ерөнхийлөгч оролцсон бөгөөд ярилцлага хоёр цаг орчим үргэлжилсэн юм.
Цахим уулзалтын эхэнд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Токио-2020” олимпийн наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хичээнгүйлэн хийж, хичээл зүтгэл гарган шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа Японы шинэ Ерөнхий сайд болон Олимпийн хорооны зохион байгуулах комисст талархал илэрхийлээд “ОУОХ-ны зүгээс бүх талаар нь дэмжиж, үйл ажиллагаанд нь нягт уялдаатай хамтран ажиллах болно гээд зарим мэдээллийг өгсөн юм.
Томас Бах: -Дэлхий даяар Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор олимпийн наадмын үеэр онош хурдан тогтоох түргэвчилсэн тестүүдийг ашиглах болно. Үүнээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-тай хамтран Ковид-19 вакцин гаргаж авахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Вакцины хоёр болон гуравдугаар шатны туршилт амжилттай болбол дараагийн шатны туршилтуудыг ирэх онд болох олимпийн наадмаас өмнө дуусгаж хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой байна гэсэн юм.
Мөн цахим уулзалтын үеэр Беларусын улс төрийн нөхцөл байдал болон Иран улс тамирчиндаа цаазын ял өгсөнтэй холбоотойгоор ОУОХ-ны байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ хэдийгээр бид улс орнуудын дотоод үйл хэрэгт оролцох боломжгүй ч спортоор дамжуулан хүний эрх, эв нэгдлийг хангах, ялгаварлан гадуурхалтыг багасгах зорилготой хэмээн мэдэгдсэн.
Энэ үеэр Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Монгол Улс “COVID-19” цар тахалыг дотооддоо алдаагүй орны нэг болсон. Мөн энэ халдварьт өвчин гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч дотооддоо бүрэн хяналтад авч эмчилж чадаж байна. Түүнчлэн хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хөл хорио тогтоосон ч манай тамирчид “Токио-2020” олимпийн наадмын бэлтгэлээ тасралтгүй хийж, бэлтгэлээ хангаж байна” гээд цар тахал гарсан энэ онцгой нөхцөл байдлын үед олимпийн наадам зохион байгуулахаар ажиллаж буй нийт хамтран зүтгэгчиддээ амжилт хүссэн юм.
Үүний хариуд нь ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Олимпийн аварга Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд ажлаа амжилттай хийнэ гэдэгт нь огтхон ч эргэлзэхгүй байна гэсэн юм