Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 71 дүгээр чуулган өнөөдрөөс эхлэн виртуаль хэлбэрээр хуралдаж эхэллээ. Энэ удаагийн чуулганы даргаар Филиппин Улс, дэд даргаар Фижи Улс сонгогдов.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус уламжлал ёсоор чуулганы нээлтэд цахим мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Номхон далайн баруун бүсэд ДЭМБ-ын бусад бүсүүдтэй харьцуулахад КОВИД-19 халдварын өвчлөл, эндэгдлийн тохиолдол хамгийн цөөн бүртгэгдсэн болохыг тэмдэглэж, цаашид сонор сэрэмжээ улам өндөрсгөж ажиллахыг уриалав.
Түүнчлэн улс орнууд вакцинд найдахаас илүүтэйгээр хямд төсөр өртөг бүхий нийгмийн эрүүл мэндийн үр дүнтэй бусад олон арга хэрэгслийг ашиглаж халдварыг хязгаарлах талаар идэвхтэй ажиллах шаардлагатай гэв.
Ерөнхий захирлын мэндчилгээний дараа Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай бүсийн хэмжээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүн болон КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
2020 оны 10 дугаар сард чуулсан Бүсийн хорооны 70 дугаар чуулганаар гишүүн улсууд “Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө” стратегийн баримт бичгийг санал нэгтэй баталсан бөгөөд уг баримт бичгийн гол цөм нь эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхийг тогтолцооны хувьд цогцоор бэхжүүлэх явдал юм.
Дээрх баримт бичгийг баталснаас 3 сар орчмын дараа БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдвар олон улсын эрүүл мэндийн онц ноцтой асуудал, улмаар дэлхийн дахиныг хамарсан цар тахал болохыг ДЭМБ-аас тус тус зарлаж, улмаар цар тахал улс урнуудын эрүүл мэнд болон гамшгийн удирдлагын тогтолцооны бэлэн байдлыг сорьсон хамгийн том сорилт болж байгааг Др. Касай тайландаа онцлон тэмдэглэв.
Тэрбээр өнгөрсөн 9 сарын хугацаанд Бүсийн оффисын зүгээс улс орнуудтай цахим хурал хийх замаар мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэгийг улс орнуудад тогтмол үзүүлэхийн зэрэгцээ халдвараас сэргийлэх, хянах, хариу арга хэмжээ авахад зориулж нийт 7 сая гаруй мэс заслын амны хаалт, 1 сая гаруй нарийн шүүлтүүр бүхий амны хаалт, 370.000 гаруй оношлуур зэрэг бодит дэмжлэгийг үзүүлсэн талаар мэдээлэв.
Бүсийн захирал тайландаа халдварын тархалтыг хязгаарлах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн зарим улс орнуудыг онцлов.
Тухайлбал, Монгол Улс, Бүгд Найрамдах Лаос Ард Улс, Микронезийн Холбооны Улс зэрэг улс орнуудын сайн туршлагаас хуваалцсан богино хэмжээний баримтат киног үзүүлж, цар тахлын тэргүүн шугаманд цуцалтгүй ажиллаж байгаа олон улсын эрүүл мэндийн болон бусад олон салбарын ажилтнуудад талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Засгийн газрын хувьд олон салбарын оролцоотой шуурхай хариу арга хэмжээний багийг идэвхижүүлж, эрт хариу арга хэмжээ авч, хугацаа хожин бэлэн байдлаа бэхжүүлж ажиллаж байгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс бэлтгэсэн богино хэмжээний баримтат кинонд буулгасан байна.
Чуулганы энэ өдрийн хуралдаанаар санхүүгийн гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэх бол дараагийн өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар “Эрүүл насжилт”, “Вакцинаар сэргийлэх халдварууд болон дархлаажуулалт”, “Аюулгүй, хямд өртөг бүхий мэс заслын тусламж үйлчилгээг өргөтгөх” зэрэг Бүсийн улс орнуудад урт хугацаанд баримтлах стратегийн баримт бичгүүдийн төслийг хэлэлцэн батлах юм. Монгол Улс дээрх хэлэлцүүлгүүдэд тус тус оролцож үг хэлнэ.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 71 дүгээр виртуаль чуулганд Эрүүл мэндийн сайд Др. Т.Мөнхсайхан болон Эрүүл мэндийн яамны холбогдох ажилтнууд оролцож байна.