Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн эмчийг танихгүй хүн ховор. Эх үрсийн элбэрэл, эрүүл мэнд, амь насны манаанд тэрээр 40 гаруй жил зүтгэхдээ 16 мянган гаруй хүүхдийг эх барьж авчээ.
Тэгвэл өчигдөр /2020.10.06/буюу Намрын дунд хөхөгчин тахиа сарын дөрвөн ногоон хар морь өдөр Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн эмчийн “Цагаан мөр” дурсамж номын нээлт боллоо.
Энэхүү номонд түүний хүүхэд нас, оюутан сурагч ахуй үе болон ажил амьдралын бүхий л үеийг хамарч, ахан дүүс, анги танхимын найз нөхөд , үе үеийн багш нар болон удирдлагууд, ажил мэргэжил нэг хамт олны төлөөлөл, гэр бүл болон журмын нөхөд, үйлчлүүлэгч нар нь олон сайхан ховор нандин дурсамжийг бичжээ.
“Цагаан мөр” номын эмхтгэн найруулагчаар Д. Долгорсүрэн, Продюсероор Б. Доржпүрэв, Н.Мөнхцэцэг нар ажилласан бол номын багт МУСГЗ Д.Нямаа, Ж.Мөнхцэцэг, Т.Нарангуа, Д.Энхнаран, Н.Энхжин, Н.Намхайн Одсүрэн нарын уран бүтээлчид ажилласан.
Номын “Анхны тэврэлт ” буланд МУГЖ Б.Сарантуяа Б.Бүлтэн эмчийн тухай хуучилжээ.
МУГЖ Б.Сарантуяа:Б.Бүлтэн эмчээс хайрыг мэдэрсэн хүмүүс олон
МУГЖ Б.Сарантуяа:Хүн төрөлхтний хамгийн их хүндэтгэдэг мэргэжил бол эмч. Тэр дундаа эмэгтэй хүнийг аз жаргалтай ээж болох тэр нөхцөлийг бүрдүүлдэг хүний нэг нь эх баригч, эмэгтэйчүүдийн эмч юм. Би Б.Бүлтэн эмчтэй 1996 онд танилцаж, түүний маш нямбай, хараа хяналтын дор би анх ээж болсон.
Б.Бүлтэн эмч, Б.Үйлст гэсэн гайхалтай хоёр эмч хамтран намайг төрүүлж, хүүг минь эх барьж авсан юм. Миний хоёр дахь төрөлт шөнө нь дуншаад, ус нь гарчихсан байсан. Би өдөр эмнэлэгт очиход ураг маань усгүй олон цаг болчихсон байсан тул маш шуурхай арга хэмжээ авч, ургийг шингэнээр тэжээн амь насыг нь аварсандаа. Миний охин 1800 граммтай жаахан хүүхэд төрж байсан. Б.Бүлтэн эмч болоод хамтарч ажилласан 1-р төрөхийн баг хамт олны ачаар миний охин хүн болж, сайхан торнисон юм. Б.Бүлтэн эмчийн эхний эх барьж авсан Эрхэмбилэг хүү минь одоо 23 хүрч, дараагийн жаахан охин Хулан маань одоо 13 нас хүрлээ. Б.Бүлтэн эмчийн маань эх үрсийн төлөө энэ олон жил хийсэн ажил үйлс, сэтгэл зүрхийг нь Монголын мянга мянган эмэгтэйчүүд гэр бүл хүндэтгэн биширч явдаг гэдэгт эргэлзэхгүй байна.
Б.Доржпүрэв:Эмч мэргэжлийн замаар алхах нэгэнд онол практикийн хийгээд судалгаа шинжилгээнд ач холбогдол болон үлдэж буйг тэмдэглэхэд таатай байна
“Цагаан мөр” дурсамж номонд Б.Бүлтэн эмчийн хань Б.Доржпүрэв гуай ханьдаа зориулж сэтгэлийнхээ үгийг бичжээ.
Хань Б.Доржпүрэв “Нялх багын сэтгэлээр дасан танилцаж, насан туршийн хайр ундраан нэгэн жаранг хамтдаа туулж яваа ханийнхаа дурсамж номын эхний үгийг эвлүүлж бичих эрх надад оногдлоо. Хүний амьдралын нэгэн жаран гэдэг агуу их цаг хугацаа билээ. Энэ он жилүүдэд амьдралын тогоонд хамтдаа буцалж , эмч хүний жаргал зовлонгийн гэрч болон ханиа түшин тулж , бас түгшин шаналж байсны хувьд ханийнхаа эх үрийн амь насны төлөө хэрхэн тэмцэж ирснийг нь мэдэх нэгэн би билээ.
“Цагаан мөр” дурсамж ном магадгүй нэг талаар хүний амьдралын дурсамж мэт боловч нөгөө талдаа энэ мэргэжлийн замаар алхах нэгэнд онол практикийн хийгээд судалгаа шинжилгээнд ач холбогдол болон үлдэж буйг тэмдэглэхэд таатай байна. ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Г.Нараа