НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийнд өртсөн гэх дуудлага ихсэх төлөвтэй байна. Энэ сарын 07-08-ны өдрүүдэд гурван өрхөөс угаарын хийнд өртсөн гэх дуудлага ирж, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Иймд айл өрх бүр зуух пийшингийн битүүмжлэлийг шалгах, яндангаа хөөлөх, угаар мэдрэгчийн ажиллаж буй эсэхийг тогтмол шалгаж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан сануулсан юм.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, утаа мэдрэгчийг суурилуулах зэрэг хэрэглээний ажлуудыг хийж байгаа. “Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны хяналтын ажилтнууд айл бүрээр орж зөвөлгөө мэдээлэл өгч, өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн янданг хөөлөх, пийшин зуухыг засварлаж байгаа.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр ажлыг хийж байгаа.Тиймээс өрх бүр галлагааны аюулгүй байдлыг хангаж, яндангаа хөөлж, галлагааг зөв хийх, агааржуулалтын системээ сайжруулан утаа мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай.
Иргэдийн зүгээс худал дуудлага өгөх тохиолдол гарч байна. Тухайлбал, архи согтууруулах ундаа хэтрүүлсэн үед нь бие нь муудах эсвэл даралт ихэссэн үедээ угаарын хийнд хордчихлоо гэсэн дуудлага өгсөн тохиолдол гарсан. Иймд хуурамч дуудлага өгч, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулж байна” гэв.
Нийслэлийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай болон угаарын хийнээс урьдчилан сэргийлэх тухай захирамжын хүрээнд нутгийн захиргааны 6000 төрийн албан хаагч гэр хорооллын айл өрхүүдээр явж аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын бүх өрхүүдэд угаар мэдрэгчийг тарааж дууссан. 2020-2021 оны өвөлжилтийн хүрээнд 800-1000 сайжруулсан түлшний борлуулалтын цэг ажиллах бөгөөд тээвэрлэлтийн компаниудын тоог нэмэгдүүлжээ. Агаарын чанарын үзүүлэлт өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцорын хэмжээ 30 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.