“Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг зөвшөөрөв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2020.10.08/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

 Төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ.

Тэрбээр, Япон улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдвар /Ковид-19/ -ын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэсэн болон Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурахаар төлөвлөснийг танилцуулав.

    Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар /Ковид-19/ -ын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг санхүүжүүлэх бөгөөд тухайлбал, Засгийн газрын 2020 оны 114, 167 дугаар тогтоолоор баталсан татвар, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд дэмжлэг үзүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгох зэрэг арга хэмжээнүүд хамаарах юм.

    Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25.0 тэрбум иений /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь,  санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна гэдгийг Сангийн сайд танилцуулав.

 Үргэлжлүүлэн хэлэлцээрийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооны болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус тус танилцууллаа. Дээрх Байнгын хороод уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн олонх нь зөвшилцөхийг дэмжсэн байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар, Ц.Сэргэлэн нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ зээлийг эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор ашиглана гэж байна.

Яг ямар байдлаар ашиглах вэ гэдгийг тодруулж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны эдийн засгийн бодлогыг Ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлж байгаа учир сөрөг үр дагавар үүсэхээс сэргийлж эдийн засгаа огцом хумихгүй байх бодлого барьж байна гээд зээлийг  эдийн засгийг агшаахгүй, хумихгүй байхад чиглэсэн бодлогын үүднээс ашиглана гэж хариулав. Улсын Их Хурлын гиүүүн Д.Цогтбаатар, Ц.Сэргэлэн нарын асуултад Сангийн сайд “Зээлийн зориулалт нь үндсэндээ төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдож байгаа учир төсвийн зардлыг санхүүжүүлэхэд ашиглана” гэж хариулсан.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Н.Алтанхуяг нар үг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн зээлийг мөн цар тахлын үед өдөр шөнөгүй ажиллаж, өөрсдийн амь насаа эрсдэлд оруулан ажиллаж байгаа салбарын ажилтнуудыг дэмжихэд зориулах  талаас ашиглах байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг цар тахалтай тэмцэж байна гэж улсын өрийг нэмэгдүүлэх бодлого барьж ажилламааргүй байна гээд хэлэлцэж буй асуудлыг дэмжихгүй гэсэн байр сууриа илэрхийллээ.

    Гишүүд үг хэлж дууссанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 80 хувийн саналаар дэмжив.

    Ийнхүү хэлэлцээд Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.


Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …