УОК, ЭМЯ, ГХЯ-аас хамтран зохион байгуулдаг COVID-19-ийн талаар хэвлэлийн бага хуралд Цэргийн төв эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр” Цэргийн төв эмнэлэг нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үндсэн үйл ажиллагаагаа хэсэгчилсэн хэмжээнд, 03 дугаар сарын 15-ны өдрөөс бүрэн хэмжээнд зогсоосон.
Тус эмнэлэг тусгай дэглэмийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай Монгол Улсын иргэдийг хүлээн авч, хорио цээрийн бүрэн дэглэмд тусгаарлан, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн.
Энэ хугацаанд гадаадын улс орнуудаас 70 удаагийн тусгай үүргийн онгоцоор болон 5 удаагийн газрын татан авалтаар ирсэн нийт 800 гаруй Монгол улсын иргэдийг болон БНӨСУ-аас ирсэн 200 гаруй ЦАХ-чдыг хүлээн авч, үүнээс халдварын батлагдсан болон сэжигтэй тохиолдлын 26 иргэнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн.
Нийт 1000 гаруй иргэнийг халдвараас урьдчилан сэргийлэх, ажиглалт, тандалт, хяналтыг хийн, тусгаарлалтад авч 20 гаруй төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр 300 гаруй иргэд, үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ” гэж мэдэгдлээ.
Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэдийг тодруулбал:
1.Төрөл бүрийн хортой хавдартай болон хими болон туяа эмчилгээний дараах байдалтай-35
2. Хорт хавдар авахуулах мэс заслын дараах байдалтай-28
3. Жирэмсэн эхчүүд-26
4.Артерийн даралт ихсэх өвчтэй-29
5. Чихрийн шижин, 2-р хэв шинж( 4 өвчтөн маш хүнд, үжил, үжлийн шоктой)-19
6. Зүрх судасны архаг эмгэг болон дутагдалтай-18
7. Том цар хүрээтэй мэс засал эмчилгээний дараах байдалтай-17
8. Элэгний архаг үрэвсэл, хатуурал-15
9. Тархины цус харвалт, түүний дараах үлдэц, саа саажилт-12
10. Хоол боловсруулах замын архаг эмгэг-11
11. Эрхтэн шилжүүлэх мэс заслын дараах байдалтай-10
12. Тархины судасны эмгэгтэй, судас дотуурх эмчилгээний дараах байдалтай-9
13. Бөөрний архаг эмгэгтэй-9
14. Бөөрний архаг дутагдалтай-8
15. Нурууны мэдрэлийн эмгэг, нугалам хоорондын жийргэвчийн ивэрхийтэй-6
16. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай-6
17. Ясны хугаралтай-6
18. Уушгины архаг эмгэгтэй-6
19. Системийн өвчтэй-6
20. Миостени-булчин сулрах эмгэгтэй болон булчингийн хатингаршилтай-4
21. Цочмог мэс заслын өвчний учир мэс засал хийлгэсэн-4
22. Эпилепсийн уналт таталттай-3
23. Дутуу нярай-1.