Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өчигдөр Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбооноос зохион байгуулж буй Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх цуврал эхний тоглолтыг үзэж сонирхлоо.
Дээд лигийн тэмцээнд нийт зургаан баг оролцож, “Алдар Танан Гарьд”, “Хасын Хүлэгүүд” багууд аваргын төлөө шалгаран үлдсэн.
“Алдар Танан Гарьд” плей-оффт “23 Storm” багийг цуврал тоглолтод 4:1-ээр буулгаж авсан бол “Хасын Хүлэгүүд” өмнөх даваандаа “Хан-Уул Хангарьд” багийг мөн 4:1-ээр хожжээ. Шигшээ эхний тоглолтод өнгөрсөн оны Дээд лигийн аварга “Алдар” спорт хорооны “Алдар Танан Гарьд” баг 82:78-аар хожиж цувралыг тэргүүлж эхэллээ. Энэ тоглолтод “Алдар Танан Гарьд”-аас Б.Мөнхболд 19 оноогоор багаа тэргүүлсэн бол О.Эрдэнэцогт 16, Г.Билгүүн 14 оноогоор удаалсан байна. Харин “Хасын Хүлэгүүд”-ийг баруун гарын бугуйндаа бэртэлтэй ч солгой гараараа тоглосон Б.Билгүүн 18 оноо авч хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан байна.