“Бид хаягдал батарейтай хуучин машинуудыг хэдэн мянгаар нь худалдаж авч байна”

“Хаягдал аккумуляторын байгаль орчинд үзүүлэх хор нөлөө, түүнийг шийдвэрлэх гарц” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж “АмЧам Монгол”-ын гүйцэтгэх захирал О.Адьяа үг хэлэв. Тэрээр, Бид сүүлийн жилүүдэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй авто машины салбарын төлөө олон хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үүнд буруу талдаа жолооны хүрдтэй машины импортыг цаашдаа хориглох, хэт хуучин машины татварыг нэмэх зэрэг улс төрийн зоригтой шийдвэрүүд үгүйлэгдэж байна хэмээсэн юм.

Аккумулятор нь цөмийн хаягдалтай дүйцэхүйц хор уршигтай. Үүнийг аюулгүйгээр дахин боловсруулах, хаях шаардлага манай оронд тулгараад буй асуудлуудын нэг юм. Барууны орнуудад хаягдал аккумуляторын 99 хувийг дахин боловсруулдаг. Энэ төрлийн үйлдвэр, компаниудын технологи сайжирсаар байгаа ч манай оронд стандартад нийцсэн нэг ч үйлдвэр үйл ажиллагаа явуулдаггүй, энэ төрлийн аж ахуй нэгжүүд зогсонги байдалд байна.

Хэлэлцүүлгийн эхний үндсэн илтгэлийг Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциацын Гүйцэтгэх захирал С.Баасанбаяр тавьсан юм. Тэрээр “Байгальд ээлтэй, аюулгүй авто машины салбарыг хөгжүүлэх нь” сэдвээр хураангуй тоон үзүүлэлтүүдийг танилцуулав. Мөн илтгэлийнхээ төгсгөлд дараах шийдлүүдийг санал болгов. Үүнд:

  • Импортоор орж ирж байгаа хуучин хайбрид автомашинуудын батарейг тухайн улсад нь шинэчлүүлж байх
  • Импортоор орж ирж байгаа шинэ болон хуучин автомашинуудын аккумулятор, батарейг бүртгэлжүүлэх
  • Хуучин аккумулятор, батарейг устгах, дахин боловсруулах үйлдвэр яаралтай байгуулах
  • Насжилт өндөртэй автомашинуудын импортыг хязгаарлах
  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын татварыг онцгой татварын шатлалтай ижил болгох
  • Тээврийн хэрэгслийн оношилгоог чанаржуулах / Оношилгооны ангиллыг нэмэгдүүлэх/

МАНАЙ УЛСАД НЭГ ЖИЛД 70 МЯНГАН ШИНЭ, ХУУЧИН МАШИН ОРЖ ИРЖ БАЙНА. ТЭДГЭЭРИЙН 85 ХУВЬ НЬ АРВААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ ХЭТ ХУУЧИН МАШИНУУД БАЙНА

МАДА-гийн Гүйцэтгэх захирал С. Баасанбаяр, Монголд агаарын бохирдлыг олон жил ярьсан. Харин хөрсний бохирдлыг судалсан нарийн судалгаа байдаггүй. Хөрсийг бохирдуулдаг нэг том шалтгаан нь хог хаягдал, тэр дундаа хуучин аккумулятор юм. Монгол улсад 170 мянган ширхэг приус автомашин хөдөлгөөнд оролцож байна. Жил бүр 30 мянган ширхэг приус автомашин орж ирж байна. Монголд нийтдээ 934 мянган автомашин байна гэсэн тоон үзүүлэлт бий. Тэгэхээр эдгээр машинуудын аккумулятор, батарей хараа хяналтгүйгээр хаягдаж байна гэсэн үг. Манайд аккумулятор устгадаг хэд хэдэн үйлдвэр байсан нь стандартыг хангаж ажиллаагүйн улмаас хаалгаа барьсан. Өнөөдөр бид уг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нээж, стандартыг хангуулах тухай хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Нэгдүгээрт хаягдал аккумуляторыг дахин боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Хоёрдугаарт импортоор орж ирж байгаа машинуудын тоог цөөрүүлэх, тодорхой шаардлага тавих нь зүйтэй.

Монгол Улс Базелийн конвенцод нэгдсэн байдаг. Тэгэхээр бид хөрш орнуудынхаа нутгаар хуучин аккумулятор, батарейг тээвэрлэх боломжгүй гэсэн үг. Манай улсад нэг жилд 70 мянган шинэ, хуучин машин орж ирж байна. Тэдгээрийн 85 хувь нь арваас дээш жилийн насжилттай хэт хуучин машинууд байна. Гэтэл эдгээр машинуудын батарей нь үйлдвэрээс гарахдаа найман жилийн баталгаат хугацаатай байдаг. Монголд орж ирэхдээ ес, арван жил болчхоод орж ирж байна. Нэг ёсондоо амьдрах хугацаа нь дууссан хаягдал батарейтай хуучин машинуудыг хэдэн мянгаар нь мөнгө төлж авч байна. Нэгдүгээрт хаягдал аккумуляторыг дахин боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Хоёрдугаарт импортоор орж ирж байгаа машинуудын тоог цөөрүүлэх, тодорхой шаардлага тавих нь зүйтэй. Ингэж байж агаар, хөрсний бохирдол, түгжрэлийг шийдэхэд тус болох юм.

НЭГ ЖИЛ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 7500 ТОНН АККУМУЛЯТОР ХАЯГДСАН БАЙНА

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Нэг жил зургаан сарын хугацаанд 7500 тонн аккумулятор хаягдсан байна. Өнөөдөр 934 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 735 мянга нь хөдөлгөөнд оролцож байна. Ингээд харахад цаана нь үлдэж буй 200 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй мөртлөө хөдөлгөөнд оролцохгүй байна. Тэдгээр нь хаягдал гэх ангилал руу л шилжиж байна гэсэн үг. Энэ хэмжээний хаягдал аккумуляторыг бид яах эсэхээ шийдэх нь чухал. БОАЖЯ, НМХГ-аас манай улсад үйл ажиллагаа явуулж байсан аккумулятор устгах буюу дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон ч гарц, гаргалгааг зааж өгөөгүй. Одоо 116 цэгт аюултай хог хаягдал хурааж авч байна. Үүнд түрүүн дурдсан 7500 мянган тонн аккумуляторыг хувааж үзвэл нэг цэгт 63 тонн аккумулятор хаягдал байх юм. Төр яаралтай арга хэмжээ авахгүй бол иргэд хохироод байгааг энэ хэлэлцүүлгээр сануулж байна.

“АмЧам Монгол”-ын Авто тээврийн хорооны дарга, “Стэйрчэйз Автомотив Лимитэд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Стийв Поттер “Тулгамдсан асуудлууд, шийдлүүд ба олон улсын туршлагууд” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр, Байгальд ээлтэй байх үүднээс автомашин үйлдвэрлэлийн салбар цахилгаан хөдөлгүүртэй авто машин руу шилжиж байна. Уламжлалт автомашин үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүртэй загварууд гаргасаар буй ба ирэх 3-5 жилийн дотор үйлдвэрлэлийг нь нэмэхээр төлөвлөж байна. Мөн зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй аво машин үйлдвэрлэгч Тесла зах зээлд нэвтэрсэн хэмээсэн юм.

Өнөөгийн замын түгжрэл эмх замбараагүй байдлыг бууруулахын тулд дараах арга хэмжээг авах нь зүйтэйг тодорхойлов. Үүнд:

  • Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хорих,
  • Хуучин автомашины импортын татварыг нэмэх,
  • Том оврын машинуудын хот доторх хөдөлгөөнд оролцох цагийг хязгаарлах,
  • Замын дэд бүтцийг сайжруулах,
  • Дүрэм зөрчиж буй жолооч нарт илүү хяналт тавих,
  • Нийтийн тээврийн автобусны паркыг сайжруулах,
  • Улаанбаатарт автомашин эзэмшиж, унахад илүү төлбөр ногдуулах, нийслэлийн замын татварын системийг нэвтрүүлэх,
  • Бүх тээврийн хэрэгслийг даатгалтай болгох

НИЙСЛЭЛД АВТОМАШИНЫ АККУМЛЬЯАТОР БӨӨГНӨРЧ АЮУЛТАЙ ТҮВШИНД ХҮРЭЭД БАЙНА

НМХГ-ын Байгаль орчин, Геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг, Нийслэлийн хэмжээнд автомашины аккумльяатор бөөгнөрч аюултай түвшинд хүрээд байна. Нэгдсэн бодлого, төлөвлөлтгүйн улмаас гацчихаад байна. Нийслэлийн хэмжээнд 116 цэгт 7000 гаруй тонн аккумулятор хуримтлагдаад байна. Үүгээрээ  аюултай бодис хадгалах горим, технологийг зөрчиж буй юм. Эрх бүхий зөвшөөрөл авсан газрууд Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт дор үйл ажиллагаа явуулах ёстой. Гэхдээ одоогийн байдлаар манайд БОАЖЯ, ЗТХЯ, УУХҮЯ-наас техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ, тусгай зөвшөөрлийг авч шаардлага хангасан компани байхгүй байна. Энэ хэлэлцүүлгээр холбогдох газрууд яаралтай арга хэмжээ авч, уг ажлыг эрчимжүүлнэ гэж найдаж байна.

ЭНЭ АСУУДАЛД СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР БУС ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДМААР БАЙНА

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Оюун, Манай яамнаас 2-3 байгууллага аюултай хог хаягдал буюу аккумуляторын төрлөөр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн. Бид тэдгээрийг хянаад шаардлага тавьж ажиллаж байна. Аюултай хог хаягдлыг дахин боловсруулахдаа аюултай хог хаягдлыг дахин үүсгэж болохгүй, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг БОАЖЯ-наас шаардаж байгаа юм. Манай улс олон улсын конвенцод нэгдсэнээр маш олон үүргийг хүлээдэг. Түүний нэг нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх аюулын зэргийг бууруулах багтана. Тусгай зөвшөөрөл аваагүй компанийн эрхийг цуцалсан. Тухайн үед тус үйлдвэрийн ажилтнууд, газрын хөрснөөс хүртэл хар тугалга илэрснийг хүмүүс санаж байгаа байх. Энэ асуудалд сэтгэлийн хөөрлөөр бус хариуцлагатай хандмаар байна. Хар тугалга шууд илэрдэг бус аажмаар сөрөг нөлөөг үзүүлдэг бодис юм.

Эрхзүйн баримт бичиг, стандарт нь бэлэн байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд эл шаардлагаа биелүүлж дагаж мөрдөх, стандартад тэнцэх хэрэгтэй.

Түүнээс хамгийн түрүүнд ямар арга хэмжээг авах шаардлагатай талаар асуухад, Эрхзүйн баримт бичиг, стандарт нь бэлэн байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд эл шаардлагаа биелүүлж дагаж мөрдөх, стандартад тэнцэх хэрэгтэй. Түүнчлэн яамны зүгээс санаачилга гаргаж байгаа газруудыг дэмжих талаар ярилцдаг. Эко төлбөрийн тухай хууль боловсруулагдвал дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын ямар бодлого, урамшууллаар дэмжиж болохыг ярилцаж байна.

эх сурвалж:gogo.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …