Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Тусгаар тогтнолын 102 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярт өсөх идэр начин цолтой барилдаж, үзүүрлэн Монгол Улсын гарьд цол хүртсэн Б.Гончигдамбатай ярилцлаа. Тэрбээр Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин билээ.
-Сайхан намаржиж байна уу, гарьд аа?
-Сайхан. Сайхан намаржиж байна уу.
-Энэ цолдоо дасч байна уу. Зарим бөх цолоо мартчихдаг гэсэн…
-Наадам өнгөрөөд нэлээд сар боллоо. Эхэндээ жаахан эвгүй байсан. Одоо гайгүй ээ.
-Энэ жилийн улсын их баяр наадмын өглөө өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог санагдав. Үзүүрлэх хэмжээний барилдах бөхөд арай өөр байсан болов уу?
-Наадам бүрийн өглөө бөх болгонд түрүүлэх юмсан гэсэн бодол төрдөг байх. Би ч энэ жишгээр гэрээсээ гарсан. Ер нь энэ бодол бүтэн жил тээгддэг байх. Тэгж байж л наадмынхаа бэлтгэлийг хийнэ шүү дээ. Аймгийн арслан цолтой байхдаа Улсын наадамд барилдах гээд зогсч байхдаа үнэхээр сүрдмээр санагддаг байсан. Том цолтой бөхчүүдийг хараад айх шиг. Давна гэж төсөөлөхөөр үнэхээр хэцүү санагдсан. Харин 2011 онд улсын начин цол хүртэхдээ үнэхээр их баярласан. Хөөрч догдлох гэдгийг тэгэхэд л үзсэн дээ.
-Улсын заан цолтой нэг бөх “Наадмын өглөө гарах гэж байхад охин маань зааны баримал гаднаас олж ирсэн. Тэгээд “Ааваа надад энэ зааны шинийг нь аваад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь “Аав нь барилдаж ирээд авч өгье” гээд явсан. Гэтэл би заан цол хүртэж охиндоо бэлэг барьсан шүү” гэж ярьж байсан. Танд иймэрхүү зүйл тохиолдоогүй юу?
-Монголчууд бид үнэхээр их билэгддэг ард түмэн. Иймэрхүү тохиолдол ч олон бөхтэй учирч байдаг юм билээ. Сүүлд ярьж суухад сайхан байдаг. Нэг зүйл санаанд бууж байна. Өнгөрсөн сар шинээр манай нутгийн бөхчүүд улсын начин У.Балжинням ахынд очиж золгосон юм. Тэгэхэд Балжаа ах намайг “Чи заан цол хүртэх боломжтой шүү” гэж хэлж байсан. Тэр үгнээс нь би тухайн үед их урам авч байлаа. Сайхан билэг дэмбэрэлтэй үгээр нь ч өнөөдөр гарьд цолонд хүртсэн юм бил үү, хэн мэдлээ.
-Танд тэр үг “ташуур” болсон ч юм бил үү…
-Яг үнэн.
-Зарим бөх наадмын өмнөх шөнө зүүдлэх эсвэл ямар нэгэн төсөөлөл өөртөө шингээдэг гэдэг. Танд үзүүрлэнэ, түрүүлэх байх гэсэн бодол төрж байв уу?
-Зүүдлээгүй ээ. Ямар нэгэн бодол ч тээгээгүй. Миний бэлтгэл давгүй байсан болохоор тэр гавьяагаа гаргах юмсан гэсэн бодолтой л наадмын дэвжээ рүү очсон.
Эхний хугацаанд шөвгөрчихсөн байхад сэтгэл арай тайвширна шүү.
-Наадмын өглөө хэр нервэтсэн бэ?
-Гайгүй ээ. Гэхдээ тамирчин хүнд тэмцээний өмнө бага ч гэсэн нерв байдаг. Хамгийн гол нь барилдаанаа 100 хувь гаргаж барилдах нь чухал. Тэгж бодохоор барилдаан хийж байхад нервэтдэггүй.
-Та улсын өсөх идэр начин цолноос гарьд цолонд хүрсэн. Энэ жилийн наадмын хэдийн даваа чанга байсан бэ?
-Даваа бүр л хүнд байсан. Өрсөлдөгчид маань надтай адилхан нэг ч гэсэн даваа илээхийн төлөө л тэмцэж байсан шүү дээ. Тэгэхээр амархан унах хэн байх вэ дээ. Чардаагаад л байсан. Тэр өрсөлдөөнөөс хэн нь илүү овсгоо самбаа, уран мэх, хүч тамир гаргасан нь давдаг жамтай. Бас тухайн өдрийн од гэж байна. Ер нь ёндоотой байх юм бол өмнө нь унадаг байсан бөхөө ч давна шүү дээ.
-Та гурав дахиа начин цолоо баталчихаад юу бодож туг тойрч байсан бэ?
-Бөхчүүдэд тавын даваа маш чухал. Шөвгийн 16-д үлдэж байгаа болохоор тэр. Аймгийн цолтой болон залуу бөхчүүд нь улсын цол авна. Улсын цолтонгууд нь чимэг нэмэх, эрэмбэ дээшлэх гээд олон асуудал бий. Бүтэн жил бэлтгэл хийчихээд цол нэмэхгүй байлаа ч эхний хугацаанд шөвгөрчихсөн байхад сэтгэл арай тайвширна шүү. Миний хувьд нуулгүй хэлэхэд тавын давааг элээчихээд өмнө нь унаж байсан зургаагийн даваагаа гэтлэх юмсан гэсэн бодолтой дэвжээнд гарсан. Тэр бодлоо хэд дахин илүү биелүүлж үзүүрлэн гарьд цол хүртсэндээ сэтгэл хангалуун байгаа.
-Шөвгийн дөрөвт үлдээд байхад тань танай нутгийн бөхчүүд асрынхаа өмнө таныг аваачиж тойрч зогсоод “хуралдаж” байгаа харагдсан. Хэн илүү зөвлөгөө өгсөн бэ?
-Манай аймаг бөх олонтой. Тиймээс тэд маань надад анхаарлаа хандуулж мэдэх бүхнээ хэлсэн. Улсын аварга С.Мөнхбатыг хутгасан мэхийг улсын гарьд М.Баяржавхлан ах хэлсэн юм. “Чи энэ мэхийг даацтай хийх юм бол давна шүү” гээд гаргасан.
-Гэхдээ та шөвгийн наймд үлдсэнээсээ хойш нэлээн дайчин барилдсан…
-Барилдаан гэдэг чинь тухайн үед гарна. Түүнийгээ хэрхэн чулуу болгох бэ гэдэг нь надаас шалтгаална. Үүнийг л урьтал болгож ямар мэх хийвэл боломжтой байна вэ гэдгийг харж барилдсан.
Энэ хүртэл ирсэн юм чинь түрүүлэхийн төлөө үзээд алдъя гээд л өрсөн
-Улсын аварга Эрхэмбаярт өвдөг шороодоход тань хүмүүс “Цолондоо ханачихаж. Тэгээд идэвхитэй барилдсангүй” гэсэн яриа дэгдээсэн. Уулзаж байгаагийн хувьд өөрөөс тань үүнийг асууя…
-Цолондоо ханасан гэдэг үг манай ард түмний дунд үеийн үед байсан. Миний хувьд начин цолноос гарьд цол авах болзлоо хангачихаад байсан болохоор бага зэргийн хөөрөлд автсан. Гэхдээ “Энэ цолонд хүрсэн бол болоо, одоо уначихъя” гэсэн бодол тээгээгүй. Энэ хүртэл ирсэн юм чинь түрүүлэхийн төлөө үзээд алдъя гээд л өрсөн.
-Ер нь аварга чанга байв уу?
-Энэ цаг үед манлайлж яваа бөх гэдгээ үнэхээр харуулж чадсан. Энэ хүний бие бялдар, хүч, бэлтгэл нь аварга болоход зориулагдсан байсан.
-Цол, тэмдэгээ гардаж байхдаа хэр их баярласан бэ?
-Би дээр начин цол хүртэхдээ үнэхээр их баярлаж байсан гэж хэлсэн шүү дээ. Тэр үедээ догдлох гэдэг зүйлийг өнгөрөөчихсөн байсан. Тиймээс гарьд цол хүртэхдээ нэг их огшоогүй. Гэхдээ том цол авсандаа баярлалгүй л яах вэ. Баярын охь 2011 онд л гарсан болохоос биш.
-Увс аймгийн бөхчүүд улсын их баяр наадмын түрүүг гурван жил дараалан хүртсэн. Энэ жил ч С.Мөнхбат аваргыг тэд “томилоод” байсан байх. Гэтэл та тэр найдварыг нь тасалсан. Увсынханы найдварыг зогсоолоо гэж ярьж буй хүнтэй та зөрсөн бол юу бодож байсан бол…
-Түрүүлэх байсан бөхийг зогсоосон гэдэгтэй би эсрэг үзэлтэй байна. Таны ярьж байгаа бол ард түмний л дүгнэлт. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд адилхан л дээшээ гарч барилдахыг хүсч байсан. Тэгээд л хэн нь урьтаж шийдэмгий мэх хийв, тэр нь давсан. С.Мөнхбат аварга түрүүлэх хэмжээний бөх гэдэг нь үнэн.
-Та наадмынхаа бэлтгэлийг “Алдар” спорт хорооныхонтой хийсэн үү, нутгийнхантайгаа юу?
-Хорооныхоо удирдлагуудад “Нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэлд гаръя” гэсэн хүсэлт тавьж нутгийнхаа бөхчүүдтэй гарсан.
-“Дараа жилийн наадам даан ч хол байна даа” гэдэг ч бөхчүүдэд нэг их хол санагддаггүй байх. Учир нь бэлтгэлээ өдөр бүр хийхээр цаг хугацаа хурдан өнгөрнө. Тэгэхээр ирэх жилийн наадам танд хэрхэн төсөөлөгдөж байна вэ?
-Наадам болдгоороо л болно. Тэр үед хэний биеийн болон сэтгэлзүйн бэлтгэл сайн байна тэр хүн дээшээ гарч барилдана.
-Танай удамд бөх хүн байдаг уу?
-Манайханд цол аваад байсан хүн байхгүй. Гэхдээ ээжийн талынхан аавын талыхнаас илүү биерхүү. Аав ч надаас өндөр л дөө. Би аавынхаа аавын аавыг мэддэг юм. Сайхан өндөр насалсан хүн байлаа. Одоо ч манай нутгийн хөгшчүүд надад тэр өвөөгийн талаар ярьдаг юм. Мөн ч том биетэй хүн байсан даа гээд.
-Та чөлөөт бөхөөр хичээллэдэг. Хэн энэ төрөл рүү оруулсан юм бэ?
-Гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр багш оруулсан. Гэхдээ би багшийнхаа сэтгэлд хүртэл барилдаж чадахгүй байгаадаа сэтгэл жаахан дундуур явдаг.
-Гэхдээ та улсын аварга болж байсан биз дээ?
-Оюутны улсын аварга болж байсан. Харин насанд хүрэгчдийн улсын аваргаас хоёр удаа хүрэл медаль, Ерөнхийлөгчийн цом ч гардсан. Одоогоор ийм л амжилттай явна.
-Ер нь та бөхийн спорт руу хэдийд, яаж орсон юм бэ?
-2003 оны өвөл 17 настайдаа бөх болно гээд хот руу орж ирж билээ. Хөдөө байхдаа радио сонсож суухад “Алдар” нийгэмлэгийн бөх тэр гээд л зарлана. Тэндээс “Алдар” гэж бөх бэлддэг ганц газар байдаг юм байна гэсэн ойлголттой болсон. Тэгээд “Алдар”-т орно, Тэнд бөх болно гэж бодсон юм. Энд ирээд хамаатны ахаа дагаад “Алдар”-т очлоо. Ирсэн чинь гавьяат тамирчин Ц.Цогтбаяр ах хүлээж авсан. Тэгж л бөхийн замд орсон доо.
-Хотод дөнгөж орж ирсэн хөдөөний хүүхдэд бэрхшээл их л тулгарсан байх…
-Гаралгүй яах вэ. Би тухайн үед хамаатныхаа ахынд байлаа. “Алдар”-тай ойрхон болохоор алхаад бэлтгэлдээ оччихно. Ирээд сургуульд оролгүй, Зөвхөн бөхийн бэлтгэлээ хийж эхэлсэн. Өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Дөнгөж ирээд бэрхшээл тохиолдохоор нутаг руугаа буцъя гэж ч боддог л байлаа.
-Энд үлдэхэд юу нөлөөлсөн бол…
-Ц.Цогтбаяр багш бүх л юманд нөлөөлж байсан. Би хотод ирээд хэдэн сар болсоны дараа нутаг руугаа буцсан юм. Тэгэхэд бараг л буцаж ирэхээргүй явах гэж байсан. Гэтэл багш надад “Чи үнэхээр бөх болъё гэж бодож байвал намар буцаад ирээрэй” гэсэн. Тэгээд намар нь ирээд багшийндаа нэг хэсэг амьдарч билээ. Багш маань юу ч мэдэхгүй хөдөөний хүүхдэд зааж туслаад, Гэртээ ч байлгахыг хараад “Энэ хүн ингэж санаа тавьж байхад заавал барилдахгүй бол болохгүй нь” гэж бодсон юм.
-Хотод ирэхдээ өндөр, жин хэдтэй байв?
-182 см өндөр, жин 70 орчим л байсан. Үүнээс хойш нэг их өсөөгүй. Харин жин одоо 100 гаруй кг болсон. -Анхны амжилтаа дурдвал…
-2007 он хүртэл бараг дөрвөн жил амжилт гаргаагүй дээ. Чөлөөт бөхөөр өсвөр насандаа Лу.Энхбаяр багшийн нэрэмжит тэмцээнд түрүүлсэн. 2005 онд Швейцарьт болсон олон улсын тэмцээнд бас түрүүлсэн. Харин үндэсний бөхөөр гавьдаггүй байлаа. Амжилт гаргахгүйдээ шантрах боловч бас больж чаддаггүй байлаа. Тэгж байгаад 2007 онд аймгийнхаа наадамд түрүүлсэн. Аймгийн арслан болж урам орсноос хойш бөхөө орхиё гэж бодохоо больсон.
-Тэр жил аймгийн арслан цол сэтгэлд чинь багтаж байв уу?
-Ямар ч байсан аймгийн цол авна гэж бодож байсан. Тэр жилийн хавар нь би сумын заануудын барилдаанд хэд давдаг болчихсон байсан. Тиймээс аймгийн начин болно гэж зорьсон. Тэгтэл явсаар байгаад түрүүлсэн. Үүнээс хойш цолоо хамгаалж, ахиулахын төлөө бэлтгэлээ хийж ирсэн.
-Аймгийн арслан болчихсон хүн улсын цол бодож эхэлнэ биз?
-Дотроо тийм л бодолтой бэлтгэлээ хийсэн. 2008 оноос хойш өдийг хүртэл улсад барилдаж байгаад Гарьд цолтой боллоо. Өмнө нь наадмын хоёр, гурвын даваанд л унаад байсан.
-Нутаг ус, аав, ээжийнхээ талаар яривал манай уншигчдад сонин байх болов уу?
-Аав, ээж маань Завхан аймгийн Их-Уул сумын малчид. Манай нутаг уул, мод, ус гээд хангайд юу байдаг тэр бүгд бүрдсэн сайхан газар. Завханыхны шүтээн Очирваань хайрхан манай суманд байдаг юм.
-Мал маллаж өссөн хүүхэд бяр чадлаас гадна тэвчээр хатуужилтай болдог доо…
-Тэр үнэн шүү. Би багадаа хөдөөний хүүхдүүдийн хийдэг болгоныг хийж өссөн. Хангай газар болохоор мод түлээ их бэлтгэнэ. Энэ бүхэн надад тэвчээр суулгасан гэж боддог. Багаасаа хар бор ажил хийж өссөн нь нөлөөлдөг байх. Одоо бэлтгэлийн ачаалал даах чадвар гайгүй.
-Хоорондоо ноцолдож өсөөгүй Монгол эр хүн гэж үгүй…
-Би ч бусдын адил барилдах дуртай хүүхэд байсан. Үеийнхнийгээ байнга хоргооно. Зарим нь намайг хүүхдийн хувцас урлаа гэж загнадаг байсан. Жаахан өсөөд ирсэн чинь хүүхдүүд барилдалгүй зугтдаг болчихсон байсан. Ер нь барилдах дуртай, бөх болно гэж ярьдаг хүүхэд байлаа.
-Үеийнхэн дундаа биерхүү байв уу?
-Ер нь биерхүү талдаа. Гэхдээ тийм ч том биетэй байгаагүй ээ. Өндөр, туранхайдуу л хүүхэд байсан.
-Танай сумаас улсын цолтой бөх олон төрсөн байх аа?
-Манай сум арав гаруй начинтай шүү. 2008 онд Ж.Оргил, 2007 онд Б.Бадамдорж ах начин болсон. Үүнээс өмнө 1992 онд Г.Бат-Амгалан ах начин болж байсан. Намайг начин цол авахын өмнө нутаг усныхан маань “Манай сумаас Начин цолтой бөх тасраагүй юм. Миний дүү сайхан барилдаж, Начин болох хэрэгтэй” гэж урам хайрлаж байлаа. Одоо ч гэсэн манай суманд сайхан барилдах залуу олон байна.
-Залуу бөхчүүд бэлтгэл хийгээд явахад ямар нэг албан газар, компанийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байдаг. Өөрөө анх ямар байгууллагын нэр дээр барилдаж байв?
-Анх 2007 онд аймгийн Арслан болсны дараа Шоовдор захиралтай “Хөтөлийн цемент шохой” ХК намайг дэмжиж, бэлтгэл хийх боломж нөхцлөөр хангаж өгсөн. Одоо ч гэсэн хэвээрээ. Мөн “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013 дугаар ангид харьяалагддаг.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Л.Наранжаргал гэдэг бүсгүй бий. Нэг охинтой. Охиныг маань Долгормаа гэдэг. Одоогоор цэцэрлэгт явуулаагүй байна. Гэртээ аав, ээждээ атаманаа хийгээд л байж байгаа.
-Улсын баяр наадамд сайн барилдсан бөхийг олон шагнал дагадаг. Танд шагналын хур хэр буув?
-“Алдар” нийгэмлэг маань Монголын армийн байгууллага бөхчүүдээ сайхан дэмждэг. Цэргийн хүн болсноороо би өөрөөрөө бахархаж явдаг. Дэслэгч цолтой байж байгаад саяхан хошууч цол олгосон. Харин Завхан аймгийн нутгийн зөвлөлийнхөн намайг “Биднийг төлөөлж төрийн наадамд сайхан барилдсанд баяр хүргэе” гээд Lexus570 машинаар шагнасан. Манай аймгийн Улаанбаатар хот дахь Байгаль даргатай бөхийн холбоо гэж бий. Энэ ах маань нутгийн бизнесмэнүүдтэй хамтарч Land200 маркийн машин бэлэглэсэн.
-Танай сум таны цолыг тэмдэглэсэн байх аа?
-Сумын удирдлагууд бэсрэг наадам зохион байгуулсан. Албан ёсны найраа хэзээ хийх вэ? Тэгж байгаад хийнэ ээ. Ирэх сарын дундуур хийх санаа байна. Одоогоор яг тогтсон юм алга.
-Та бөхийн спортоос гадна ямар авьяастай вэ. Найранд гурван дугараатай биз?
-Бөхөөс өөр авьяас байхгүй ээ. Дээхнэ дуу дуулсан чинь нэг хүн намайг “Дахиж битгий дуулаарай” гэж хэлсэн.
-Хэн?
-Нэг хүн бий. Муухай дуулж байна гэсэн. Харин сайхан яруу найраг сонсох дуртай.
-Би таны нууц авьяасыг л олох гээд байна л даа. Дуулж, бүжиглэдэггүй бол жаахан уйтгартай юм биш үү?
-Гайгүй ээ. Би бэлтгэлээ хийхээрээ сэргэчихдэг юм.
-Таныг саяхан нэг сонин дээр “500 хонь зарсан” гээд биччихсэн байсан. Энэ үнэн үү?
-Харин тийм байна билээ. Энэ худлаа шүү. Намайг гэртээ байхад нэг танил маань утсаар “Чи хонь зарж байгаа юм уу” гэхээр гайхсан. Тэгэхэд л би мэдсэн. Өмнө нь хүмүүсийг шар сонин дээр гүтгээд биччихсэн байна гэхээр нь итгэдэггүй байлаа. Тэгсэн намайг ингэж бичсэнийг нь хараад гайхсан. Би өмнө нь янз бүрээр бичүүлж байгаагүй болохоор тэр мэдээг уншаад эвгүй болсон шүү.
-Ярилцсанд баярлалаа.
У.Баярсайхан
Эх сурвалж:Yalagch.mn