100 төгрөгөөр ч болов хөрөнгө оруулж, оролц. Өөрийнхөө хувь заяаны эзэн нь бай

Үндэсний Хувьчлалын Сан, Хамтын ХОС-ийн ТУЗ-ийн Дарга Ч. Ганхуягтай ярилцлаа.  

“Үндэсний Хувьчлалын Сан” Хамтын ХОС-аа танилцуулах гээд ажил ихтэй байх шиг.  

Ард Санхүүгийн Нэгдэл “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хөдөлгөөн өрнүүлээд таван жил болж байна. Таван жилийн өмнө “Ард Менежмент ҮЦК” ХХК-ийг үүсгэн байгуулж, Анхны Хөрөнгө Оруулалтын Санг бий болгох ажлаа эхлүүлсэн. Түрүү жил Санхүүгийн Зохицуулах Хорооноос эхний зөвшөөрлөө авч байсан бол 8 сарын 24-нд “Үндэсний Хувьчлалын Сан” нэртэй Хамтын Хөрөнгө Оруулалтын Сангаа танилцуулахад бэлэн болоод байна. 

Өмнө нь хүмүүс хөрөнгийн зах зээлээс хувьцаа авч, үнэ нь өсвөл хожиж, унавал алдаад, компаниас ногдол ашиг аваад явж байсан. Одоо “Үндэсний Хувьчлалын Сан”-д нэгдсэнээр аль нэг компанийн хувьцааг авахын тулд судалж, худалдан авалт хийснийхээ төлөө өөрөө цаг гаргаж судлах шаардлагагүй болж байна. Монголын Хөрөнгийн Бирж дээр зөвхөн хувьцаа бус, нэгж эрх зарагдаж эхэлснээр шинэ төрлийн бүтээгдэхүүн, хөрөнгийн анги гарч ирж байгаа юм. Энэ бүтээгдэхүүн маань Хөрөнгийн бирж дээр ХОС нэртэйгээр зарагдах болно. 100 төгрөгөөр нэгж эрх авч буй хүний өмнөөс мэргэжлийн удирдлагын компани болох “Ард Менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олон шийдвэр гаргаж, МХБ дээр хамгийн ашигтай байгаа хувьцааг хямд байхад нь авч, өндөр үнэтэй үед нь зарах байдлаар ашгийн өгөөжийг хамгийн өндөр түвшинд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, эрсдэлийг тараан байршуулах ажлыг мэргэжлийн түвшинд хийж, хөрөнгийг тань удирдах санал тавьж байна. Зөвхөн хувьцаа аваад зогсохгүй хөрөнгийн тодорхой хэсгийг нь Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулж болно. Мөн гадаадын бирж дээр Америк болон Канад доллар, фунт стерлингээр арилжаа хийх замаар төгрөгийн ханш унах эрсдэлээс хамгаалах боломжтой. Үүнээс гадна уул уурхай, банк санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа гэх мэт салбар бүрийн компанийн хувьцааг цуглуулснаар эрсдэлийг саармагжуулж, зохистой харьцаа бий болгоно. 

Ер нь яагаад хөрөнгө оруулалтын санд итгэж, хөрөнгөө оруулах ёстойг та хэлэхгүй юу?

Хүмүүс хөрөнгө оруулалт хийх замаар мөнгөө зөв зохистой удирдах сонирхолтой байдаг. Гэхдээ хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргах мэдлэг, мэдээлэл, эдгээрийг судлах, олж авах зав чөлөө тэр бүр байдаггүй. Ер нь үндсэн ажлынхаа зэрэгцээ хөрөнгө оруулах нь тухайн хүнээс ихээхэн нөөц, хариуцлага шаардсан ажил байдаг. Тэгвэл ажил амьдралынхаа хажуугаар хөрөнгө оруулалт хийж, мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулах боломжийг Хөрөнгө Оруулалтын Сан олгодог. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүст мөнгөө өгснөөр тэд таны өмнөөс шийдвэр гарган, хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэн ажиллах юм. 

Нөгөө талаас бид есөн жилийн хугацаатай, хүүгүй эх үүсвэрийг баялаг бүтээгчдэд бэлдэж өгөх гэж байгаа юм. Энэ нь Монголд баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийнхэнд том бөгөөд “шинэ” хөшүүрэг болно. Өндөр хүүтэй эх үүсвэрээр санхүүжсэн бизнес хол явахгүй нь ойлгомжтой. Өмнө нь компаниуд зөвхөн банкнаас нэг жилийн хугацаатай зээл авч, төслөө хэрэгжүүлдэг байсан бол одоо урт хугацааны хөрөнгийг зах зээл рүү оруулж ирж байна. Зөвхөн арилжааны зээлээр биш, бонд болон хувьцаагаар мөнгө санхүүжилт босгох замыг нээж өгч байна. Хөрөнгө оруулагчийн шинэ төрөл хөрөнгийн бирж дээр ажиллаж эхэллээ. Хувьцаа авчхаад гурав хоногийн дараа зарах гээд дайраад байна гэсэн үг биш юм. Байгууллагын тогтвортой хөрөнгө оруулагч буюу “Institutional investor” гэсэн “шинэ тоглогч” гарч ирж байна. Үүнийг дагаад тэтгэвэр болон даатгалын шинэчлэл эхэлнэ. Арилжааны банкууд ч орж ирнэ. Энэ мэт байгууллагууд орж ирснээрээ хөрөнгийн зах зээлийн дараагийн үе шат эхэлнэ гэж харж байгаа. 

Сангаа яагаад “Үндэсний Хувьчлалын Сан” гэж нэрлэсэн юм бэ?

Монголын Хөрөнгийн Биржийг 1990 онд байгуулж, үйл ажиллагаа нь дараа жилийнхээ намраас эхэлсэн. Их Хувьчлал буюу цэнхэр тасалбараар Монголын иргэд Хөрөнгийн Биржийн үйл ажиллагаанд тэгш оролцох замаар өмнөх нийгмийн үед бий болсон баялгийн эзэн болох боломж олгосон. Харамсалтай нь, үүнийг хүн болгон тэгш хүртэж чадаагүй. Тэгвэл одоо манай иргэд мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар хувьчлалд оролцох, түүнээсээ ашиг хүртэх боломж бүрдэж байна. Алдаагаа давтахгүйн тулд манайх шиг мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, үүрэг, оролцоо өндөр байх ёстой. Энэ дэд бүтэц бий болоогүй байхад хувьчлал явагдсанаар өнөөгийн ядуу, баяны ялгаа үүсэх суурь тавигдсан гэхэд болно. “Монгол Шуудан” ХК-ийн хувьчлалаас иргэд тэгш оролцоо, түүнийг манлайлах мэргэжлийн байгууллага хэрэгтэй юм байна гэж харсан болов уу. Засгийн газар ч “Монгол Шуудан” ХК-ийн энэ хувьчлалаас хожсон. Мөнгөө бүрэн бүтэн авсан. Уг хувьчлалд оролцох хүсэлтэй бүх хүний эрхийг хангасан. Мөн хөрөнгийн хувьчлалд нэгдэж, нийлээд оролцвол адилхан л ашиг хүртэх боломжтойг хэвлэх үйлдвэрийн хувьчлал харуулсан. Тэр үйл явц “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хөдөлгөөнийг эхлүүлэхтэй давхацсан учраас бидэнд итгэл төрж, “Үндэсний Хувьчлалын Сан” байгуулахаар сэтгэл шулуудсан. Таван жил бэлдсэний үр дүн ч гарлаа. 

“Үндэсний Хувьчлалын Сан”-д итгэж, хөрөнгө оруулах, эсэхээ шийдэж ядан байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ?

100 төгрөгөөр ч болов хөрөнгө оруулж, оролц. Өөрийнхөө хувь заяаны эзэн нь бай. Мөнгөний төлөө өөрөө ажиллаж, мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуул гэж хэлмээр байна. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд ухаалаг байх ёстой. Хөрөнгө оруулалтаа яг өнөөдөр хий. Цаг битгий алд. Цаг бол алтнаас илүү үнэтэй нөөц. “Хөрөнгө Оруулагч Үндэстэн”-ий гол үзэл санаа ч үүнд л оршиж байгаа. “Хөрөнгө оруулалтын эцэг” гэгддэг Уоррен Баффет цаг хугацааны хүчийг нийлмэл хүүгээр тайлбарладаг шүү дээ. Цаг хугацаа явах тусам мөнгө геометр прогрессоор өсөх боломжтойг харуулдаг. 

Та мөнгөөрөө юу ч хийж болно. Юм худалдаж авч, найз нөхөдтэйгөө наргиж ч болно. Та 100 төгрөгөөрөө манайд хөрөнгө оруулалт хийснээр 400 болох боломжтойг манай хамт олноос санал болгож байгаа юм. Сая төгрөг чинь дөрвөн сая болж болно. Үүнээс ч илүү өсөх боломжтой. Бид хөрөнгөө нийлүүлж, тэр баялагтаа хамтдаа эзэн суух боломж гарч ирж байна. Гадаадын Хөрөнгийн Бирж дээр зарагдаад байгаа нөгөө л “Оюу Толгой”, “Энержи Ресурс” тэргүүтэй компаниудынхаа  хувьцааг өөрсдөө авч, эзэн нь болох боломжтой. Хүүхдүүддээ өвлүүлэх хур хөрөнгөтэй болъё. Маргаашаа харж амьдаръя. “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хөдөлгөөнд 10 мянга гаруй иргэн нэгдээд байна. Үндэсний Хувьчлалын санд нэгдсэнээр та Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд нэг шинэ шат, үүд хаалга нээхэд гар бие оролцож байгаа гэсэн үг юм шүү. Үзээд алдаарай. Бидний шинэ санаачлагыг дэмжээрэй. Бид булган сүүлтэй байх болно. Энэ төрлийн сангууд шил шилээ даран гарч ирнэ гэдэгт найдаж байна. Мэргэжил нэгтнүүд дундаа үлгэр дууриалал болж байгаа болов уу. Мянга мянган залуус энэ салбарыг сонгоод өөрийн ажил, мэргэжил, ирээдүйн зорилгоо болгоод, ажиллах сэдэл өгч байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа учраас энэ бүхнийг хэлэх сайхан байна. Бид итгэл дааж ажиллана. Итгэл дааж ажилласаар ч ирсэн. 

Ярилцлагыг: Б.Номин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …