Ч. Хандаа – Сангийн менежер,Үндэсний Хувьчлалын Сан, Хамтын ХОС, Гүйцэтгэх захирал, Ард Менежмент ҮЦК ХХК
2013 онд манай улсад хөрөнгө оруулалтын сангийн хууль батлагдсан. Энэхүү хууль батлагдсанаас хойш 7 жилийн дараа анх удаа Ард Менежмент компани Үндэсний Хувьчлалын Сан Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгууллаа. Уншигчдадаа Хамтын хөрөнгө оруулалтын сан гэж юу болох тухай товч танилцуулах хэрэгтэй болов уу?
Анх 1774 онд Нидерланд улсад Хамтын хөрөнгө оруулалтын сан үүссэн түүхтэй. Тухайн үед Европт 20 орчим банк, олон зуун компани дампуурсан. Энэ хямралаас хохирол амссан хөрөнгө оруулагчид зөвхөн нэг газар мөнгөө хадгалах, нэг хувьцаанд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй гэдгийг ойлгож, эрсдэл багатай, өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл хайж эхэлсэн нь Хамтын хөрөнгө оруулалтын сан үүсэх эхлэлийг тавьсан. Үүнээс хойш тус сан дэлхий дахинд хамгийн эрэлттэй, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж чадсан. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг татан төвлөрүүлж, ирээдүйд үнэ нь өсөх хувьцаа, алт, үл хөдлөх хөрөнгө зэрэгт хөрөнгө оруулж, түүнээс бий болох ашгийг хүмүүст хуваарилах зарчмаар ажилладаг. Тэгвэл дэлхийд хамтын хөрөнгө оруулалтын сан үүссэнээс хойш 250 жилийн дараа Монгол улсад Анхны Хамтын ХОС үүсэж, Монголын ард иргэд маань Санд хөрөнгө оруулалт хийх боломж бодит биеллээ оллоо.
Танайх Сангаа “Үндэсний Хувьчлалын Сан” гэж нэрлэжээ. Үүнээс харвал хувьчлалд оролцох зорилготой гэж харж байна?
Иргэд маань их мөнгөөр хувьчлалд оролцох боломж тэр бүр байхгүй, харин олуулаа хөрөнгөө нэгтгэж, хамтдаа томоохон компанийн хувьчлалд оролцох боломжтой. Иймээс бид төрийн өмчит компаниудын хувьчлалд ард иргэдээ уриалан оролцуулснаар Монгол хүн – Улсынхаа баялгийн жинхэнэ эзэн болох боломжийг нээж өгөхөөр зорьж байна. Хувьчлалтай холбоотой хүмүүсийн хамгийн сайн мэдэх нэгэн жишээ дурдъя. Хувьчлал гэдэг нь улсын хөрөнгийг ард иргэдэд эзэмшүүлж байгаа нэг арга бөгөөд хувьчлалаас хүмүүс урт хугацаанд өндөр өгөөж хүртэх боломжтой. Тухайлбал, 1992 онд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хувьчилсан хөрөнгийн үнэлгээ өнгөрсөн хугацаанд 224 дахин өсөж, 1.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Гэтэл тухайн үед хувьчлалд оролцсон 1.2 сая иргэдээс 483 иргэн, аж ахуй нэгж тэр үеийн хувьчлагдсан хөрөнгийн 90 хувийг эзэмшиж үлдсэн. Өөрөөр хэлбэл, иргэд маань хангалттай мэдлэг, мэдээлэлгүй байснаас хувьцаагаа хямд үнээр зарж, үүний үр дүнд цөөн гэр бүл хувьчлагдсан компаниудын хувьцааны хяналтын багцыг эзэмшсэн. Иймээс бид дахин хувьчлал явагдахад бэлэн байж, сангаараа дамжуулан иргэдийг хувьчлалд тэгш оролцох, түүнээс өгөөж хүртэх, цаашлаад сангаараа дамжуулан хөрөнгөө зүй зохистой удирдуулах боломжийг олгохоор зорьж байна. Энэхүү зорилго маань урт хугацааны зорилго бөгөөд дунд хугацаандаа Үндэсний Хувьчлалын Сан маань дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд оролцон хөрөнгө оруулалт хийх юм. Магадгүй та гадагшаа хөрөнгө оруулалт хийхийг хүссэн ч процесс төвөгтэй, шимтгэл өндөр байгаа бол манай сангаар дамжуулан ямар ч төвөггүй, мэргэжлийн багийн тусламжтайгаар гадаадын хөрөнгө оруулалтын багцыг эзэмших боломжтой.
Танай санд яаж хөрөнгө оруулалт хийх вэ?
Сангийн нэгж эрхийг худалдан авснаар Үндэсний Хувьчлалын Сангийн хөрөнгө оруулагч болно. Энэхүү нэгж эрх нь сүүлийн 30 жилд Монголын хөрөнгийн зах зээлд гарч буй цоо шинэ бүтээгдэхүүн бөгөөд хувьцаа, бонд, хадгаламж зэрэг та бидний сайн мэдэх бүтээгдэхүүний давуу шинжүүдийг агуулж чадсан.Та манай нэгж эрхийг эзэмшсэнээр дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээрх үнэ цэнтэй олон хөрөнгө оруулалтыг нэгэн зэрэг, багцаар нь эзэмших боломжтой. Бидний тооцоо, судалгаагаар Сангаар дамжуулан жилд дунджаар 17.6%-ийн өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх боломжтой. Мөн таны оруулсан хөрөнгийг Үндэсний Хувьчлалын Сангийн мэргэжлийн баг удирдан, тооцоо судалгаанд үндэслэн олон төрлийн хөрөнгөд тархаан байршуулах учраас нэг төрлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийсэнтэй харьцуулахад эрсдэлийг багасгаж чадна. ХОС-ийн нэгж эрхийг 100 төгрөгөөр авч болно. Та туршлагагүй, мэргэжлийн бус байлаа ч олон төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд мэргэжлийн багаар дамжуулан хөрөнгө оруулах боломжийг олгож буй нь ХОС-ийн хамгийн том давуу тал юм.
Сангаар дамжуулан хөрөнгө оруулалт хийвэл жилд дунджаар 17.6 хувийн өгөөжтэй гэж байна. Өгөөжөө яаж хүртэх вэ?
Үндэсний Хувьчлалын Сан маань хуулийн дагуу 10 жил үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл, 2029 онд үйл ажиллагаагаа зогсоож, хөрөнгө оруулагчдадаа өгөөжөө хуваарилна. Энэ нь манай улсын хувьд урт хугацааны хөрөнгө оруулалтад тооцогддог. Тухайлбал, АНУ-д их дээд сургуулийн төлбөр өндөр байдаг тул хүмүүс урт хугацаандаа өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн хайж байдаг. Иймээс 2019 оны байдлаар АНУ-ын хоёр өрх тутмын нэг нь буюу нийт 103 сая иргэн Хамтын ХОС-д хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эдгээр хөрөнгө оруулагчид хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулан ХОС-д хөрөнгө оруулалт хийж байгаа талаар судалгаанаас харж болно. Нөгөө талаар Үндэсний Хувьчлалын Сан маань Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй сан гэдгээрээ онцлогтой. Манай санд хөрөнгө оруулсан хүмүүс заавал 2029 оныг хүлээх шаардлагагүй, нэгж эрхээ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан чөлөөтэй арилжаалж болох давуу талтай.
Та сангийн баг хамт олноо танилцуулаач?
Ард Менежмент ҮЦК нь өнгөрсөн хоёр жил тасралтгүй хөдөлмөрлөж, өөрсдийн туршлага, мэдлэгтээ тулгуурлан Үндэсний Хувьчлалын Санг үүсгэн байгуулж та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Хамтын ХОС-ийн гол онцлог нь “Таны оруулсан хөрөнгийг мэдлэг туршлага бүхий мэргэжлийн баг удирдахад оршдог” юм. Тэгвэл Үндэсний Хувьчлалын Сангийн хөрөнгө оруулалтыг Ард Менежментийн баг удирдана. Манай удирдлага, ажиллагсдын хувьд 26 хүртэлх жилийн туршлагатай, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн. Иймээс туршлага, чадвартай мэргэжлийн багийнхан энэхүү Санг өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын зөв чиглэлд удирдана гэдэгт итгэлтэй байна.
Дэлгэрэнгүй мэдзээлэл:
Цахим хуудас: ardmanagement.mn
И-мэйл: info@ardmanagement.mn
Утас: 7707 8282
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Сүхбаатарын талбай 2, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Холдингсын байр, 2 давхар