САХИЛГА БАТ, ЭВ НЭГДЭЛ уриан дор IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо эргэн ирлээ. Цар тахлын улмаас долоон сарын дараа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхэлж, 61 орны 409 жүдоч эрэгтэй, эмэгтэй долоон жинд аваргаа тодруулж байна.
Урд шөнө тэмцээний -48 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компанийн тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртлээ.
Г.Наранцэцэг эхний тойрогтоо Пан Америкийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт Чилийн Мэри Ди Варгас Лейг 2:15 минутад гурван торгуулиар буюу цэвэр яллаа. Улмаар шилдэг 1/8 шигшээд Гранд Слам, Гран При тэмцээний аварга, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Португалын Катарина Костаг нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа. Харин хэсгийн аваргын төлөө залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Сербийн Андреа Стожадиновт 3:19 минутад даралтаар цэвэр ялагдсан ч торгуулийн тойрогт 2019 оны ДАШТ-ий тавдугаар байрт Испаний Лаура Мартинес Абелендаг 2:47 минутад хоёр вазари үнэлгээ авч ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрх авсан.
Хүрэл медалийн төлөө тэрбээр Израйлын Шира Ришониг нэмэлт цагт торгуулиар ялснаар Гранд Слам ангилалд хоёр дахь хүрэл медалиа авлаа.
Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-д Л.Өнөболд, -66 кг-д Б.Эрхэмбаяр нар тавдугаар байр эзэллээ. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй -73, -81, эмэгтэй -63, -70 кг-ын жингийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлнэ. Харин медалийн төлөөх барилдаанууд 23:00 цагаас явагдах бөгөөд SPS NATIONAL суваг эх орон даяар шууд дамжуулан хүргэх юм.