Ашигт малтмалын газраас гаргасан тооцоогоор Увс аймаг болон хил залгаа зарим аймгийн газар нутгийг оролцуулаад нийт 1.480.786 га газарт лиценз олгосон байгаа аж.
Увс аймаг нь 19 сумтай бөгөөд үүнээс одоогийн байдлаар 17 сумын 177 газарт 156 ашиглалт болон хайгуулын лиценз олгосон байна. Тодруулбал, Бөхмөрөн суманд 17, Давстад 11, Завхан, Зүүнговьд гурав, Зүүнхангайд 10, Малчинд хоёр, Наранбулагт 16, Өлгийд 16, Өмнөговьд 22, Өндөрхангайд дөрөв, Сагилд дөрөв, Тариаланд 28, Түргэнд 10, Тэсд гурав, Ховдод долоо, Хяргаст 10, Цагаанхайрханд долоо.
Увс аймаг нь Монгол орны баруун хойморт Их нууруудын хотгорын хойд хэсэгт өргөрөгийн дагуу сунаж тогтсон 69.6 мян.км2 газар нутагтай. Баруун талаараа 200 км Баян-Өлгий, өмнө талаараа 152 км Ховд аймаг, зүүн талаараа 340 км Завхан аймаг, хойд талаараа 575 км ОХУ-тай тус тус хиллэдэг. Нийслэл Улаанбаатараас 1400 орчим км алслагдсан.