Өнөөдөр /2020.10.26/ Улсын Онцгой комиссын хуралдаан болж, улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын талаар хэлэлцлээ.
Шадар сайд Я.Содбаатар “Улс хоорондын дамжин өнгөрөх тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа жолооч нараас коронавирусний халдвар илрэх нь нэмэгдэж байгаа учраас Улсын Онцгой комисс тээврийн асуудлыг хэлэлцлээ. Дамжин өнгөрөх ачаа тээврийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1 гэхэд шинэ горимд оруулна. Улс хоорондын дамжин өнгөрөх тээвэр нь коронавирусний халдварыг тархаах хамгийн эрсдэлтэй цэгүүдийн нэг. Ачаа тээвэр орж ирж буй найман боомтод эрсдэлийн үнэлгээ хийсэн. Цаашид Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор жолооч нарыг наашаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байна. Тээвэрлэгдэж ирсэн ачаа барааг боомт дээрээс авдаг байх зохицуулалт хийгдэнэ. Тодорхой хязгаарлалтын арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ” гэв.