БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Яйзү хотын дарга Хиромичи Наканотой цахим уулзалт хийлээ

Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо “Токио-2020” хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Шизүока мужийн Шимада, Изүнокүно, Яйзү хотуудад Монголын олимпын баг тамирчдын бэлтгэлийг хангах тухай хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд 2015 оноос хойш бокс, чөлөөт бөх, жүдо бөх, пара хөнгөн атлетикийн баг тамирчдыг Япон улсад жил тутам тогтмол бэлтгэл сургуулилт хийлгэж байна.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Монголын баг тамирчдын амжилт өссөн төдийгүй Япон орны ёс заншил, соёлтой манай тамирчид танилцаж, Японы хотуудад Монголын тамирчдыг болон монгол ёс заншил, соёлыг Японы ард иргэдэд сурталчлах ажлыг амжилттай зохион байгуулдаг.

Энэ удаагийн цахим уулзалтаар талууд ирэх онд зохион байгуулагдах Токиогийн зуны олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг хүлээн авахад шаардагдах зохицуулалтын асуудлуудыг ярилцлаа.

Мөн Япон улсын Засгийн газар олимпод оролцох тамирчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шаардлагатай шинжилгээ, эрүүл мэндийн үзлэг зэргийг өндөр түвшинд зохион байгуулахаа мэдэгдлээ.

Уулзалтын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онуудад хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг өндрөөр үнэлж, 2020 оны эхний улиралд буюу пара хөнгөн атлетикийн тамирчдыг цар тахлын үед бэлтгэл сургуулилтыг нь өндөр түвшинд зохион байгуулж, эрүүл аюулгүй орчинд 3 сарын турш бүхий л зардлыг хариуцан ажилласан явдалд БТСУХ болон Монголын баг тамирчдын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Цаашид олимпын наадмын өмнөх бэлтгэлийг талууд харилцан тохиролцож шийдвэрлэхээр боллоо гэж БТСУХ-ноос мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …