Удахгүй ашиглалтад орох Соёлын өвийн үндэсний төвийн барилгын ажилтай танилцах үеэр тус төвийн дарга Г.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Шинэ байр ашиглалтад орох гэж байна. Ямар зохион байгуулалттай байх бол?
-2008 онд анх санаачилж, 2010 онд Хан-Уул дүүргийн Х хорооны нутагт дэвсгэрт нэг га газар олгосон байдаг. 2012 онд барилгын зураг төслийг зохиосон. 2014 онд шав тавилаа. Гэвч 2019 он хүртэл царцсан. Улмаар дэд бүтцийг нь шийдсэнээр барилгын ажил дахин эхэлж, нэг жилийн дараа зориулалтын байраа ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Энд биет болон биет бус өвтэй холбоотой бүхий л дурсгалыг сэргээн засварлаж, мэдээллийн санг бий болгоно.
Соёлын өвүүд дээд тал нэг сая орчим жилийн настай. Дунджаар 1000 гаруй жилийн настай дурсгалууд Монголд байна. Эдгээр нь байгалийн болон нийгмийн хүчин зүйлийн нөлөөллөөр тодорхой хэмжээгээр эвдэрдэг. Үүнийг засах, засварлах төрөлжсөн лаборатори шинэ барилгад бий. Археологи, төмөр эдлэл, ясан эдлэл, арьсан эдлэл гэх мэт тус бүртээ төрөлжсөн лабораторитой болж байгаа юм. Барилгыг ашиглалтад оруулахтай холбогдуулж зарим музейн сан хөмрөгийг манай байранд түр шилжүүлж байгаа. Тухайлбал, “Чингис хаан”-ы музейд тавих үзмэрийг дээжсийг энд хадгална. Угсаатны зүйн музейн сан хөмрөгийг хадгалж, хамгаална. Нэг ёсондоо соёлын өвтэй холбоотой бүхий л дурсгалыг энэ байшинд хадгалах, сэргээн засварлахын тулд зайлшгүй ийм байртай болж байна.
–Том байр ашиглалтад орлоо. Хүчин чадал одоогийнхоосоо хэд дахин нэмэгдлээ. Гэтэл ажиллах хүчин дутагдаж таарах нь ээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Өнөөдрийн байдлаар манай төвд 35 албан хаагч ажиллаж байна. Цаашид 2050 он хүртэл 139 хүнийг ажлын байраар хангах боломжтой. Бүгдийг нь нэг дор ажиллуулах боломжгүй учраас жилд 5-10 хүн нэмж авахаар төлөвлөсөн. Ингээд 2050 он гэхэд улсын хэмжээнд 139 албан хаагчтай Соёлын өвийн үндэсний төвийг байгуулна.
–Соёлын өвүүдийг өмнө нь ямар газарт хадгалж байв. Шинэ байранд хадгалсны ач холбогдол, давуу тал юу вэ?
-Монгол Улсын хэмжээнд 216 мянга гаруй үзмэр бий. Эдгээрийг 307 байгууллагад хадгалж байна. Үүнээс 708 нь хосгүй үнэт дурсгал. Мөн зургаан төрлөөр 95 мянга орчим түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тус бүр дээр нь индекс, код өгч хадгалсан. Үүнээс 186 дурсгалыг улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад орсон бол 630 нь аймгийн хамгаалалтад орсон байна.
-Гадаадын орнуудад соёлын өвөө хадгалахын тулд ямар стандарт мөрддөг юм бэ. Манайх энэ стандартад дөхөж очсон уу?
-Энэ барилгыг барихын тулд 2008 оноос хойш АНУ, Япон, Өмнөд Солонгос, БНХАУ зэрэг орны соёлын өвийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай танилцаж, туршлага судалсан. Үүний үндсэн дээр өнөөдрийн барилгыг барьсан гэхэд болно. Монголд Соёлын өвийг хадгалах, хамгаалах байраа ашиглалтад оруулснаар бусад оронд үлгэр дуурайл болохуйц ажиллагаа болж буйгаараа онцлогтой. Манай улс үүнийг байгуулснаар гадаадын улс орнууд Монголд ирж туршлага судлах, соёлыг өвийг хамгаалах тал дээр хамтарч ажиллах, судалгаа хийх боломжтой болно. Барилгын хувьд Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудынхтай эн зэрэгцэж очно. Ганцхан боловсон хүчний чадавх, мэргэжлийн тоног төхөөрөмж дээр бага зэргийн дутагдалтай байгаа юм. Ямартай ч түүхэн дурсгалт өвүүдээ сэргээн засварлах, стандарт орчинд хадгалах шинэ байртай боллоо. Харин цаашид арчилгаа, тордлогоо, албан хаагчдын чадварыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэг асуудал тус төвийн үйл ажиллагаанаас хамаарах болж байна.