Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойд зориулан МҮОНРТ-тэй хамтран хийсэн “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны кинонд Цэлмэг прокурорын дүрийг бүтээсэн МҮОНРТ-ийн Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны дуу оруулагч Э.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.
Прокурор хүний ажил амьдралын онцлогийг харуулсан “Давхар цагаан шугам” олон ангит кино үзэгчдийн хүртээл боллоо. Үзэгчидтэй адил киногоо догдлон үзсэн байх. Киноны гол дүрийн саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
Прокурорын тухай кино ер нь байдаггүй, анхны тэр тусмаа олон ангит кинонд тоглосондоо маш их баяртай байна. Анх МҮОНРТ-ийн найруулагч Н.Чингис ах санал тавьсан. Прокурорын тухай кино хийх гэж байна, гол дүр нь эмэгтэй гэж хэлсэн. Анх сонсоод их айсан л даа. Би их зөөлөн хүн харин прокурор хүнийг хүчирхэг, зарчимч гэж хардаг. Тийм болохоор зохиолоо уншаад дүрээсээ их сүрдсэн. Харин одоо кино маань дэлгэцээр гараад үзэгчдийн сэтгэгдэл их өндөр байгаад баяртай байна.
Кинонд тоглохоос өмнө прокурорын байгууллагын тухай ямар сэтгэгдэлтэй байсан бэ? Дүрээрээ дамжуулан прокурор хүний ажлын онцлогийг маш тод томруун харуулж өгч чадсан шүү дээ?
Прокурор хүний мэргэжлийн онцлогийг дутуу харуулчих бий дээ гэж их эмээж байсан. Гэхдээ кинонд маань прокурорын байгууллагаас олон зөвлөхүүд ажилласан учир амар байсан. Хамгийн анх Нийслэлийн прокурор газрын хяналтын прокурор Б.Бямбадагва эгчтэй уулзаж прокурор хүн ямар ажил хийдэг, өрөөндөө хэрхэн ажилладаг, ямар сэтгэлзүйтэй байдаг гээд ажил мэргэжлийнх нь онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдэж авсан.
Кинонд гол дүрийн прокурор маань ажлын хувьд их өгсөж уруудаж байгаагаар гардаг. Прокурорын нэг үг үйлдэл ч ямар үнэ цэнэтэй болохыг харуулж байсан.
Прокуроруудыг харахад их л эрх дархтай юм шиг хирнээ энгийн хүний эдлэх ёстой эрхийн талыг нь эдэлдэг юм шиг санагдсан. Алдах эрх байхгүй, ухрах эрх байхгүй, ямар ч зүйл тохиолдсон сэтгэлзүйгээ хянах ёстой, гомдох тунихаа мэдэхгүй дайчин хүмүүс шиг санагдсан. “Прокурор хүн бодоод байхад найз нөхөдгүй болсон байдаг юм байна” гэж кинонд хэлдэг л дээ. Мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалаад хаалт тавиад байдаг. Одоо киног маань үзээд ойр дотно найз нөхөд, хамаатан садан нь ойлгож эхэлсэн байх /инээв/. Прокурор хүний онцлогийг харуулахдаа ар гэрийн амьдралыг нь харуулсан нь маш зөв санагдсан.
Хуулийн байгууллагын уялдаа холбоог мөрдөгч Сүхдорж, прокурор Цэлмэг хоёрын харилцаанаас үзэгчид ойлгож мэдсэн байх?
Мөрдөгч, прокурор гэсэн хоёр хүн салшгүй юм билээ. Аливаа хэрэг дээр гар нийлж ажиллаж байж л амжилт гаргадаг юм байна гэж бодсон.
“Давхар цагаан шугам” киноны жүжигчид МҮОНРТ-ийн кино албаны дуу оруулагчид байсан. Хамтрагчидтайгаа хамт нэг кинонд тоглоход дөхөм байсан уу?
“Давхар цагаан шугам” кинонд Цэлмэг прокурорын нөхөрт тоглосонЦ.Энхтайван, мөрдөгчид тоглосон О.Билгүтэй нар манай кино албаны дуу оруулагч, жүжигчид. Олон жил хамт ажилласан учир кинонд хамт тоглоход түшигтэй байсан. Охинд маань тоглосон Д.Нэмүүлэн бас их авьяаслаг мундаг охин, үзэгчдэд их хүрч хайрыг нь татсан байна. Үзэгчид тэр хоёрыг маань жинхэнээсээ аав, охин хоёр юм уу ч гэцгээж байсан.
Киноны хамгийн хэцүү зураг авалт аль хэсэг нь байсан бэ?
Шүүх хурлын зураг авалт байсан. Прокурор хүн шүүх хурал дээр шийдэмгий байж, өөрийнхөө гаргасан шийдвэртээ бат зогсох ёстой. Шүүх хурлын үеэр тоглолт маань худлаа болчихвий, прокуроруудын үнэн сэтгэлийг дутуу гаргачих бий дээ гэж их эмээсэн.
Иргэд прокуроруудыг хүмүүст ял оноодог гэж л боддогоос хүний эрхийг хамгаалдаг гэдгийг мэддэггүй. Прокурор хүнийг үнэхээр гэмт буруугүй бол цагаатгахын төлөө гэмтэй бол хуульд заасан ял шийтгэлийг оноож ажилладаг. Энэ хоёр зүйлийг хослуулж л ажил нь явагддаг юм билээ.
Том уран бүтээлийн ард амжилттай гарсны дараа ямар зүйлийг хэлмээр санагдаж байна вэ?
Кино уран бүтээлчид маань маш богино хугацаанд зуны гурван сар тасралтгүй ажиллаж 10 ангит киногоо амжилттай дуусгаж, үзэгчдийн хүртээл болголоо. Гэхдээ нэг анги нь 60 минут үргэлжилдэг олон ангит кино бараг байхгүй. Анги бүр нь сонирхолтой үйл явдлаар өрнөж байсан. Тэр хэрээр үзэгчид маш сайхан сэтгэгдлээр хүлээж авч байгаад баяртай байна. Киноноос маань прокурор гэж ямар хүн байдаг, ямар ажил эрхэлдэг гээд олон зүйлийг мэдэж авсан байх гэж найдаж байна. “Давхар цагаан шугам” киноны нэг онцлог гэвэл бодит байдлыг элдэв хэтрүүлэг, гоёл чимэггүйгээр гаргахыг зорьсон. Маш даацтай, сайн уран бүтээл болсон гэж хувьдаа дүгнэж байна. Зорилгоо биелүүлж, үзэгчдэд хүргэх гэсэн санаагаа хүргэсэн бол манай уран бүтээлчдийн хувьд том амжилт. Прокурорын байгууллагаас кино уран бүтээлчдэд бүх зүйл дээр дэмжиж ажиллаж байсанд баярлаж байна. Эцэст нь хэлэхэд Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярын мэндийг прокурор, ажилтнууд та бүхэнд хүргэхийн зэрэгцээ оролцон тоглосон уран бүтээлчдэд, арын албыг хариуцсан кино албаныхандаа, гэр бүлдээ талархал илэрхийлж байна.