Улсын Их Хуралд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.11.03/Түр хорооны хуралдаан боллоо.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дэлхийд 21 хоногийн тусгаарлалттай улс орон алга байна гээд тусгаарлалтын 21 хоногийг яаж тооцож гаргасан талаар, мөн хандив, тусламжаас даргалах бүрэлдэхүүн бие биенээ урамшуулж буй учир хандив, тусламжийн зарцуулалтын талаар тодрууллаа. Түүнчлэн халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийн биелэлтийн талаар тодруулж, иргэд амны хаалт хэрэглэх ёстой юу, үгүй юу гэдгийг нэгмөр болгох талаар санал хэлэв.
Гишүүний асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Дэлхийн улс орнуудад 14 хоногоос дээш хугацаанд халдвар илэрч буй учир тусгаарлалтын 21 хоногийг мөрдөж байгаа талаар тоо баримттай танилцуулав. Тэрбээр мөн 21 хоногийн тусгаарлалт нь дотооддоо халдвар алдахгүй байх нэг нөхцөл болно” гэлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Бейсен ханиад томууны дэгдэлт ихсэх цаг үе ирж буй учир илүү сайн ажиллах шаардлагатай, хүн ам олноор цугларсан арга хэмжээн дээр зай барихгүй, халдвар хамгааллын дэглэм сахихгүй байгаад анхаарах ёстой гэж саналаа хэлэв. Тэрбээр мөн халдвар хамгааллын хувцас, ариутгалын бодисны хүрэлцээ хангамж, халдвартай хүмүүстэй шууд харьцаж байгаа төрийн албан хаагчдад олгох хүнд, хортой нөхцөлийн хөлс, урамшуулал, вакцин гарсан тохиолдолд худалдаж авах гэрээ хэлцэл хийж буй эсэхийг тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Халдвар хамгааллын нэг удаагийн хувцас хэрэглэл, ариутгалын бодисын нөөц хангалттай байгаа гээд хил, гааль дээр ажиллаж буй нийт албан хаагчдад илүү цагийн хөлс, урамшууллыг олгох ёстой хэмжээгээр нь олгож байна, голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад 5 сая төгрөгийн урамшуулал олгосон, өнөөдрийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл авсан, үйлдвэрлэсэн вакцин байхгүй учир худалдан авах гэрээ хэлцэл хийгдээгүй” гэж хариулсан бол Шадар сайд Я.Содбаатар хүнд, хортой нөхцөлд, голомтод ажиллаж, өвчтэй хүнтэй шууд харьцаж байгаа албан хаагчдад цалин нэмэгдүүлэх, илүү цагийн хөлс, урамшуулал олгох, орон сууцанд хамруулах зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар хариулав.
Улсын Их Хурлын гишүүн, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөл Т.Доржханд халдварыг дотооддоо алдсан тохиолдолд ажиллах нөөц төлөвлөгөө байгаа эсэхийг болон вакцин гарчихвал худалдан авах эх үүсвэр, хөрөнгийн талаар тодруулав.
Энэ асуултад Шадар сайд Я.Содбаатар “Нөөц төлөвлөгөө байгаа. Халдвартай тэмцэх стратеги төлөвлөгөөг ч баталсан. Манай улсыг нөхцөл байдлыг зөв үнэлж, төлөвлөж буй талаар олон улсын хурал цуглаануудад тэргүүн туршлага болгон ярьж байна. Халдварыг дотооддоо алдвал хэчнээн ор дэлгэх, хэчнээн эмч, ажилтан ажиллах, аль бүс нутагт гарвал хэрхэн ажиллах гээд бэлэн байдлыг хангасан. Хүн амын нэг хувьд тархвал хэрхэн ажиллах стратеги төлөвлөгөө ч баталж, практик дээр шалгасан сан гэж хариулав. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан вакцин гарвал худалдан авахад зориулж 50 сая ам.долларын санхүүжилт Сангийн яаман дээр яригдаад, шийдэгдэж буй учир вакцин гарлаа гэхэд богино хугацаанд авч, иргэдээ хамруулах төлөвлөгөө гарсан талаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт вакцин худалдаж авах орнуудын дөрөвдүгээрт манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ өгсөн учир вакцин гарахад харьцангуй хурдан асуудлаа шийдээд явах боломжтой талаар хариулт өглөө.