“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат БНСУ-д эмчлүүлээд эх орондоо ирсэн билээ. Түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай донор болж, ханийнхаа амийг аварсан. Тэд цахим хуудсаараа лайв хийж, монгол түмэндээ “CHINBAA & friends” талархалын тоглолт хийсэн.
Б.Чинбат “Үр хүүхдүүд, хөгжим, хань минь намайг их хурцалсан. Тэгээд мэс засалд оров. Ж.Чинбүрэн эмч мэс засалд хамт ороход аавтайгаа байгаа юм шиг түшигтэй, гоё санагдсан. Гурван охиныхоо оймсыг эндээс аваад очсон юм. Би мэдээж мэс засалд аваад орж болохгүй. Ж.Чинбүрэн эмч мэс засалд орохдоо хүүхдүүдийнх нь буян заяа түшиг гээд халаасандаа хийсэн юм билээ. 14 цаг үргэлжилсэн мэс заслын дараа их тайван байх хэрэгтэй юм билээ. Надад зовиуртай, их хэцүү байсан. Ханьд минь ч бас яг тийм байсан байж таарна.
“Мэс заслын дараа ханийнхаа тухай бодоход өөрийн эрхгүй нулимс асгарчихсан”
Тийм үеийг бид хамтдаа туулсан. Бид хоёр БНСУ-д зургаан сар эмчлүүлсэн. Ерөөсөө би л хичээж, хөл дээрээ босох ёстой. Хань минь, гэр бүлийнхэн, найз нөхөд, урлагийнхан, ард түмэн минь ингэж хайрлаж байхад би хичээх хэрэгтэй гэж бодсон” гэв.