ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 17 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр“ Өнөөдрийн байдлаар УОК-ын Шуурхай штаб, Гадаад хэргийн яам, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран 106 удаагийн тусгай үүргийн нислэгээр 20582 хүнийг эх орондоо татан авсан байна.
Мөн ОХУ, БНХАУ-тай хиллэдэг Алтанбулаг, Замын-Үүд боомтуудаар 6599 хүнийг татан авсан. Өнөөдрийн байдлаар нийлбэр дүнгээр 27181 иргэнийг татан авч, тусгаарлах арга хэмжээ авч ажилласан.
Арваннэгдүгээр сарын байдлаар дөрвөн удаагийн нислэгээр бага насны хүүхэдтэй 46, эрүүл мэндийн шалтгаантай 24, өндөр настан 20, бусад шалтгаантай 512 иргэн ирсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18 тусгаарлан ажиглах байранд 1416 иргэн байгаа бол орон нутагт 206 иргэн тусгаарлах байранд байна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор бүх шатны хэрэгжилтэд хяналт тавин бүх шатны онцгой комисс, холбогдох штабууд идэвхжин ажиллаж байгаа. Бэлэн байдлын удирдамжийг Шадар сайдаар батлууллаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэдэг нь бүх нийтээрээ дагаж мөрдөх эрх зүйн зохицуулалт, хөл хорио, хязгаарлалт тогтоох шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлдэг учиртай.
ХӨСҮТ-өөс тандалт судалгаа хийж, халдварын тархалтын цар хүрээг тодорхойлохоор ажиллаж байгаа. Иймд ард түмнээс хүсэх тусламж бол заавар зөвлөмжийг сайн дагаж, хөдөлгөөнөө хязгаарлаад тодорхой хугацаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг онцолж хэлье.” гэж мэдэгдлээ.