Өчигдөр 2020.11.12-ны Пүрэв гаригийн 19:00 цагаас УОК хуралдаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим шийдвэрүүдийг гаргалаа.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан 74 настай эмэгтэйгээс хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусын халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д тээвэрлэн авчирч буй бөгөөд PCR шинжилгээг авч, эцсийн хариуг баталгаажуулан гаргах юм.
Тухайн иргэн нь 2020.11.06-ны өдөр халуурч, 2020.11.08-ны өдөр эмнэлэгт хандсанаар тандалт шинжилгээнүүд хийгдэж, коронавирусын хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гараад байна. Иймд тухайн иргэний нэг, хоёрдугаар зэргийн болон дам хавьтагчдыг тандалтаар илрүүлж Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлаж шинжилгээнүүдийг авч эхлээд байгаа аж. Мөн Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд шинжилгээний хариу нь гараагүй байна. Иймд УОК-ын хуралдаанаас УОК-ын орлогч дарга, БХ-ын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад үүссэн нөхцөл байдалд шуурхай удирдлагаар ханган ажиллуулахаар илгээлээ.
74 настай иргэний зорчих хөдөлгөөн, эрүүл мэндийн илэрсэн шинж тэмдэгээс үзвэл Улаанбаатар хотод ачаа тээврийн жолоочоос илэрсэн коронавирусын халдварын тархалттай холбоогүй байж болзошгүй байна. Холбогдох цагдаа, тагнуул зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид хаанаас халдварласныг тогтоохоор тандалт судалгаа хийж байна.
Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон ачаа тээврийн жолооч, түүний ойрын хавьтал гэр бүлийн гишүүд, тэднээс халдварласан хоёр оюутан гээд эдгээр зургаан иргэний ойрын хавьтал болох 100 гаруй ирэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнүүдийг авсан бөгөөд 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй нь тогтоогдоод байна.
Харин хоёр, гуравдугаар зэргийн болон дам хавьталд орсон, концертын танхимд байсан зэрэг нийт 2800 гаруй иргэний хаяг байршил зэргийг тогтоосон бөгөөд хотын дүүргүүдэд сонгогдсон 11 эмнэлгийн байгууллагад тухайн иргэдийг ойролцоо харъяаллын дагуу ирэх 2 өдөрт багтаан урьдчилсан хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээг авна.
Эцсийн хариуг даваа гаригт гаргаж дуусгахаар төлөвлөж байна. Энэ нь Улаанбаатар хот дахь коронавирусын тархалтын хүрээг бодитой харуулж чадна гэдгийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.
УОК-ын өчигдрийн хурлаар мөн гамшгийн эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штаб”-ыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахлуулан байгуулж, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн Улаанбаатар хотын иргэдийн өдөр тутмын явган болон автомашинтай зорчих хөдөлгөөн төдийлөн буурахгүй, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгаалал дутмаг, хангалттай бус байгаа тул цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн хэв журам сахиулж буй алба хаагчдын иргэдэд тавих хяналтыг чангаруулж ажиллахаар шийдвэрллээ. Энэ хүрээнд өчигдөр 23:00 цагаас эхлэн аливаа зорчих хөдөлгөөнийг хумьж, чангатгаж эхэллээ.
Иймд иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, зайлшгүй тохиолдолд, хүнсээ цуглуулах, эмийн сан, эмнэлэг зэргээр үйлчлүүлэхдээ амьдарч буй бүсээсээ холдохгүй байдлаар зохицуулж иргэний үүргээ биелүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг хэрэгжүүлж ажиллахыг УОК-иос анхаарууллаа .