ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ болон Дархан, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 1030 хүнд шинжилгээ хийхэд 6 хүнд коронавирус илэрч, 1024 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Нийт хийгдсэн шинжилгээний 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ бөгөөд тэдгээрт халдвар илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан, эмч ажилтан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.
Улаанбаатар хотод кластер буюу багцаар бүртгэгдсэн халдварын голомтод нийт ойрын хавьтал 125, хоёрдогч хавьтал 2600 хүнд шинжилгээ хийсэн. Ойрын хавьтал 125 хүний таваас нь коронавирус илэрсэн. Хоёрдогч хавьтал 2600 хүний 474 -д шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Тухайн голомтод батлагдсан тохиолдол зургаа болсон бөгөөд тандалт судалгаа үргэлжилж байна. Нийт ойр болон хоёрдогч хавьтагч болох 3000 орчим хүнийг хяналтад авч, шинжилгээ хийж байна.
Сэлэнгэ аймагт арваннэгдүгээр сарын 13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүнээс коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээлээ.
Монгол Улсын батлагдсан тохиолдол 412 болсноос 317 нь эдгэрсэн байна. ХӨСҮТ-д 90 батлагдсан тохиолдлыг эмчилж байна. Эмчлүүлэгчдийн биеийн байдлыг үнэлбэл хүнд-2, хүндэвтэр-12, хөнгөн-76 байна. Одоогоор ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт, тандалт, хяналтад байна.
Бид тандалт судалгаа тасралтгүй хийж байгаа учраас ард иргэд маань бидний ажилд тусалж халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж байгаад талархаж байна. Үргэлжлүүлэн бүгд эв нэгдэлтэй байж, аль болох гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй. Ингэж байж бид халдварын хүрээ хязгаарыг тогтоож, тархалтыг зогсоож чадна. Бүгдээрээ хамтран ажиллая гэж хэлмээр байна” гэж мэдэгдлээ.