ЭМЯ, ХӨСҮТ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтран ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүнсний томоохон зах худалдааны төвүүд хэвийн ажиллаж байгаа гэдгийг хэллээ.
Тэрбээр“Нийслэл хотын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний худалдааны том, жижиг 68 төв ажиллаж байна. Үүнээс 48 нь үндэсний хэмжээний том хүнсний зах байгаа. Нийслэл хотын есөн дүүрэгт зөвхөн хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг 3761 дэлгүүр, супермаркет зэрэг дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулж байна.
Улсын онцгой комиссоос анх гарсан шийдвэрийн хүрээнд хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь 07:00-22:00 цагийн хооронд байсан бол өчигдөр Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж болон Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ажлын цагийн хуваарийг нэг цагаар багасгаж 07:00-21:00 болгосон.
Иргэдийн хүнсний худалдааны төв дэлгүүрээр үйлчлүүлэхдээ дараалал үүсгэх нь багассан. Хүнсний хангалт, нөөц сайн байгаа. Хүнсний хангалт нийлүүлэлтийг шөнийн цагаар томоохон сүлжээ дэлгүүрүүдэд хийж байгаа” гэж мэдэгдлээ.