Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан боллоо. Хурлын эхэнд УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлэлцэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
Үүнтэй холбогдуулан салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицууулалтаар ханган ажиллах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарт олголоо.
Мөн их дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ЕБС-ийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг БШУ-ны сайдад зөвшөөрлөө.