Коронавирус (COVID-19)-ын халдварын талаарх 17 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллийг ХӨСҮТ, ЦЕГ хамтран хийлээ.
Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 11 цагийн мэдээллээс хойш нэмж коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг хэллээ.
Тэрбээр “Өнөөдөр 11:00 цагаас хойш 17:00 цаг хүртэл голомтот халдварын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Мөн Сэлэнгэ аймгийн голомтын ойрын хавьтлын 181 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
Манай улсад батлагдсан тохиолдол нэмэгдээгүй. Улаанбаатар хотын ойрын хавьтал нэмэгдэж нийт 348 хүн болж байна. 348 хүнээс 76 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Хоёрдогч хавьтал болох 2000 гаруй хүнд шинжилгээ хийх ёстойгоос 400 гаруй хүнд шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. 348 ойрын хавьтлаас 272 хүнд шинжилгээ иж бүрэн хийгдсэн. Хоёр дахь давтан шинжилгээг 45 хүнд хийсэн бол гурав дахь давтан шинжилгээг найман хүнд хийсэн байна.
Хүн амын дунд коронавирусийн халдварын тархалтыг эрж хайх зорилгоор түргэвчилсэн тестээр тандалтын шинжилгээ хийж байгаа.
Хэнтий аймагт урьдчилсан байдлаар түргэвчилсэн тестээр гурван иргэний хариу эерэг гарсан. Гэхдээ түргэвчилсэн тестээр эерэг гарсан нь батлагдсан тохиолдол болохгүй. PCR шинжилгээгээр баталгаажуулдаг.
Иймд тус гурван иргэнийг тусгаарлан, PCR шинжилгээний сорьцыг өөрийн харьяаллын дагуу Дорнод аймгийн вирус судлалын салбар лаборатори руу хүргүүлсэн байгаа. Хариу нь гарахаар ард иргэдэд мэдээлнэ. Одоогоор Хэнтий аймагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй”гэж мэдэгдлээ.