УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Шадар сайд Я. Содбаатар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар “Дотоодод коронавирусийн халдварын тоо өнөө өглөөний байдлаар 65 тохиолдол бүртгэгдсэн.
Тодруулбал, Улаанбаатар хотод 18, Сэлэнгэ аймагт 24, Дархан-Уул аймагт найм, Дорноговь аймагт нэг, Говьсүмбэр аймагт нэг, Орхон аймагт 13 тохиолдол батлагдсан.
Өдөр бүр 90 цэгт шинжилгээ авч байна. Одоогоор 135 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Улаанбаатар дахь голомтын ойрын болон дам хавьтлуудыг 2-3 шинжилгээнд хамруулж, хянаж байна.
Сэлэнгэд төмөр зам дагасан голомтоос халдвар ихээр нэмэгдэж байна.Өчигдөр төмөр замын нийт бүрэлдэхүүнээс хамгийн эрсдэлтэй 945 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Улсын хэмжээнд 2241 иргэн 41 байранд тусгаарлагдаж байна. Тусгаарлах байрны түргэвчилсэн хяналт, үнэлгээ хийх ажлыг хийж байна. Эрээнцав боомтыг 12-р сарын 1-нийг хүртэл хаахаар шийдвэрлэсэн ”гэлээ