Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөрөнгө оруулалтын газар”-ыг байгуулна
Хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд нийт 250 орчим агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаа, арга барил, үр ашгийн хувьд олон улсын сайн туршлагын түвшинд хүртэл бэхжүүлэх, хөгжүүлэх шаардлагатай байгаа. Иймд Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг байгуулахаар тогтлоо. Тус газар нь хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцлийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, шалгуур хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох зэрэг Хөрөнгө оруулалтын тухай хуулинд заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ.
Хөрөнгө оруулалтын газар нь Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын суурин дээр байгуулагдаж байгаа бөгөөд Хөрөнгө оруулалтын хуульд зааснаар зарим чиг үүргээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, зарим шинэ чиг үүргийг хэрэгжүүлэх юм. Шинэ агентлагийн ажлын байрыг Эдийн засгийн хөгжлийн яамны орон тооны хязгаарыг нэмэгдүүлэхгүйгээр зохион байгуулж, сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтэс, хөрөнгө оруулалтын үнэлгээний хэлтэс, захиргаа, хүний нөөцийн хэлтэс гэсэн 3 нэгжтэй, нийт 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Тус газрын эд хөрөнгө, үйл ажиллагаа болон ажиллагсдын цалингийн сантай холбогдох санхүүжилтийг балансаас балансад шилжлүүлэх юм. Эдийн Засгийн хөгжлийн яамны 2014 оны төсөвт Хөрөнгө оруулалтын газрын санхүүжилтийг тусгаж, УИХ-д өргөн барьжээ.
Монгол Улсын Нээлттэй Засгийн түншлэлийн Үндэсний төлөвлөгөөг танилцууллаа
Засгийн газрын үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төслийг төр болон иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор хэлэлцүүлэн боловсруулсан байна. Төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, шударга ёсыг бэхжүүлж, авлигыг бууруулах гэсэн 3 үндсэн чиглэлээр 11 зорилт дэвшүүлэн 30 гаруй үйл ажиллагааг төлөвлөжээ. Нээлттэй Засгийн түншлэлийн хүрээнд Нээлттэй гэрээллийн түншлэлд нэгдэх санаачлага өрнөж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаатай уг гэрээллийн түншлэлийн агуулга, зарчим бүрэн нийцэж байгаа учраас Монгол Улсын Засгийн газар нэгдэн орохыг мэдэгдээд байна.
Үндэсний төлөвлөгөөнд гэрээг ил тод нээлттэй болгох талаар “Шилэн данс”, “Шилэн тендер”-ийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагаа хийгдэхээр төлөвлөгдөж байна. Монгол Улс Нээлттэй Засгийн түншлэлд олон улстай эн зэрэгцэн нэгдэн орсон нь цаашид олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллах, төрийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааны дэмжлэг хүртэх, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд давуу талуудыг бий болгоно гэж тооцоолж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
ТОВЧХОН:
-УИХ-ын дарга З.Энхболдын Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
-Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 183 дугаар тогтоолын дагуу 2013 оны 3 дугаар улиралд зохион байгуулагдсан тив, дэлхийн хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
-2013 оны 10 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Будапешт хотноо зохион байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын IV хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БОНХ-ын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга С.Оюунд даалгалаа.