ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 3011 хүнд шинжилгээ хийсэн. Өчигдөр 17.00 цагт мэдээлэл хийснээс хойш нэмж 11 хүнээс коронавирус илэрлээ.
Улаанбаатарын голомтод 11 хүнээс коронавирус илэрсэн. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрлээ. Тусгаарлах ажиглах байранд байсан хүмүүсээс илэрсэн гэсэн үг. Гурван хүн нь хоёр дахь шинжилгээгээр илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.
Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьталуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна.
-Сэлэнгийн голомтод нэмж халдвар илрээгүй, батлагдсан тохиолдлын тоо 98 байна.
-Дархан-Уул аймгийн голомтод нэмж халдвар бүртгэгдээгүй. 20 тохиолдолтой байна.
-Орхон аймгийн голомт нэмэгдээгүй, энэ голомтын батлагдсан тохиолдол 17 байна.
-Дорноговь аймагт гарсан голомтоос шинээр халдвар илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 17 байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нэг хэвээрээ байна.
Цэрийн төв эмнэлэгт өчигдрөөс эхлэн хөнгөн өвчтөнүүдийг эмчилж эхэлсэн. ХӨСҮТ, Цэрийн төв эмнэлэгт нийт 293 батлагдсан тохиолдлыг эмчилж байгаа бөгөөд хүндэвтэр 48, хөнгөн 245 хүн байна. Өнөөдрийн байдлаар хоёр дахь хавьтал болох 7787 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Мөн төмөр замын хэсэгт түргэвчилсэн оношлуураар 30 орчим мянган хүнийг шинжилсэн”гэж мэдэгдлээ.