ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 4335 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрсэн байна.
Улаанбаатарын голомтод гурван хүнээс нэмж коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 54 болсон байна. Шинээр илэрсэн нэг дэх хүн нь Буянт-Ухаа хороололд амьдардаг бөгөөд өмнөх батлагдсан тохиолдолтой харьцаж, хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон байна. Тиймээс 46 хүнийг тусгаарлаад байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн давтан шинжилгээгээр нэг хүнээс халдвар илэрлээ. Хоёр дахь батлагдсан тохиолдол нь төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч юм байна. Энэ хүн төмөр замын батлагдсан тохиолдолтой хавьтал болсон хүн байна. Гурав дахь нь өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буянт-Ухаа хорооллын иргэн байна. Тус гурван тохиолдлын ойрын хавьтал 111 хүн, хоёрдогч хавьтал 176, нийтдээ 278 хүний шуурхай тогтоож, тусгаарласан байна.
Дараа нь Сэлэнгэ аймагт 26 тохиолдол шинээр илэрсэн. Сэлэнгэ аймгийн голомтод 26 хүнээс нэмж коронавирус илэрч, энэ голомтын нийт тохиолдлын тоо 124 боллоо. Сэлэнгэ аймагт батлагдсан 26 тохиолдол нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан иргэд бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
Говьсүмбэр аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 84 хүнээс шинжилгээ авахад 3 хүнээс коронавирус илэрсэн байна.
Дархан-Уул, Дорноговь, Орхон аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нэгээр нэмэгдлээ.Арваннэгдүгээр сарын 10-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 672 болсноос 342 эдгэрсэн, нутаг буцсан 7, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 323 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эмчлүүлэгчдийн биеийн байдлыг үнэлбэл, хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 277 хүн эмчлэгдэж байна.”гэж мэдэгдлээ.