Дэлхий нийтэд тархсан цар тахлыг даван туулах, урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох, төрийн үйлчилгээг үзүүлэх гэх мэт олон арга хэмжээг дэлхийн хөгжингүй улс орны хотуудын захиргаа мэдээлэл технологийн дэвшилд тулгуурлан, цахим хэлбэрээр явуулж, тус асуудлыг хариуцан ажилладаг байгууллагуудтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаа юм.
COVID-19 цар тахлын аюул улс орон даяар нүүрлэж, нийслэл Улаанбаатар хотод төдийгүй, аймаг сумдад хөл хорио тогтоосон. Энэ хүрээнд төрийн үйлчилгээ болон иргэдээс төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрээр 21 ажил, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Үүний нэг болох нийслэлийн хэмжээнд автомашины зайлшгүй зорчих иргэдийг бүртгэх иргэний үнэмлэхийн QR код дээр түшиглэн хэрэгжүүлэх шийдлийг гаргаж тус арга хэмжээг нийслэлийн Мэдээлэл технологийн газар хариуцан ажиллахаар болсон.
Нийслэл хотод бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан тээврийн хэрэгслийг хязгаарлах арга хэмжээг нийслэлийн Мэдээлэл технологийн газар Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран технологийн дэвшлийг ашиглан QR кодын тусламжтай www.smartcar.mn системд нэвтрүүлэн ажиллаж байна.
Цаашид цар тахлыг даван туулах хариу арга хэмжээ авах төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх бэлтгэлийг нийслэлийн Мэдээлэл технологийн газар ханган ажиллаж байгаа аж. Тус байгууллагын хувьд цаашид гадны хотуудын энэ чиглэлийн туршлагыг судлан, хариу арга хэмжээг хэрхэн авах талаар төлөвлөгөө боловсруулан НОК-т танилцуулан ажиллаж байна.
Нийслэлийн иргэд та бүхэн бүх нийтийн хөл хорионы эн цаг үед төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авахыг нийслэлийн мэдээлэл технологийн газраас уриалж байна.