Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр болов.
Хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, аймгуудын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга нар оролцож, улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцлээ.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн:Өнөөдрийн байдлаар Баянхошуу боомтоор газрын тосны тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Улаанбаатарт гацсан иргэдийг тээвэрлэхтэй холбогдон аймгийн Онцгой комиссоос журам баталсан. Уг журмаар зорчигч тээврийн жолоочийг тусгайлан бэлтгэсэн буудалд байрлуулж, тусгаарлана.
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: Бичигт боомтоор хийгдэж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Нүүрс, төмрийн хүдрийн тээвэрлэлт 7 хоногийн ажлын 5 өдөр явагдаж байгаа бол газрын тосны тээвэрлэлт 6 өдөр хийгдэж байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж:Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын гарц нэмэгдэж байна. Тайван зогсоолд байгаа богинын тээвэр болон уртын тээврийн жолооч нарын тусгаарлах чиглэлээр аймгийн онцгой комисс анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч н.Жамбал:Бургастай боомтоор тээвэрлэлт яваагүй байна. Уурхайгаас хилийн бүс хүртэлх тээвэрлэлт 3 хоногийн өмнөөс эхэлсэн.
Ховд аймгийн Засаг даргын орлогч н.Жаргалсайхан:Аймгийн удирдлагууд “МоЭнКо” ХХК-ийн удирдлагатай уулзаж, чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар 19 компани тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Маргаашаас тээвэрлэлт эхэлнэ.
Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг:Боомтуудад үүсэж байгаатай нөхцөл байдалтай холбогдон БНХАУ-д суугаа дипломатууд идэвхтэй ажиллаж байна. Улс хоорондын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч байна.
Хил хамгаалах ерөнхий газрын БАБШНГ-ын дарга Ц.Мягмардорж “Хилийн боомтын дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт орж, Бургастай боомт байнгын ажиллагаатай болж байгаа. Засгийн газрын тогтоолоор Цагааннуур боомтыг сар бүрийн 2, 4 дэх 7 хоногт ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг боомтоор зөвхөн шатахуун оруулна” хэмээн танилцууллаа.
Өнөөдрийн хурлыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд аймгуудын онцгой комисс, авто тээврийн төвүүдэд анхаарч ажиллах шаардлагатай асуудлыг дараах байдлаар үүрэг болгов.
-Урт, богинын тээврийн жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад анхаарч хяналтыг сайжруулах, Цагаанхад дахь гаалийн хяналтын талбайд ачилт, буулгалтад бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах,
-Ачаатай очерт зогсож байгаа жолооч нарыг халуун хоол, хүнс, шатахуунаар хангах талаар ААН-үүдэд нь үүрэг чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавих,
-Гашуунсухайт боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай илүү идэвхтэй ажиллах,
-Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчигч тээвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байгаатай холбогдуулан аймгийн төвөөс сумууд руу явах иргэдийг тээвэрлэх ажлыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулахад Авто тээврийн төв, аймгийн онцгой комисс анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болголоо.