Н.Алимаа: “30 өдөр, 30 секс” олон ангит киноны найруулагч мэдрэмжтэй, эмэгтэй байсан учир зөвшөөрч кинонд тоглосон

Voo original, A-Artist pictures-ийн бүтээл “30 өдөр, 30 секс” олон ангит эротик драмд Саруулын дүрийг бүтээсэн загвар зохион бүтээгч Н.Алимааг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа.

/Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд загвар зохион бүтээгч Н.Алимаатай онлайнаар холбогдож ярилцсан юм./

Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Юуны өмнө Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Нямдаваагийн Алимаа гэдэг. Урлах Эрдэм Дээд сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцаж төгссөн. Дараа нь БНХАУ-ын Жежян мужийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг Бизнесийн удирдлагаар суралцаж магистрын зэргээ хамгаалсан.

-Загвар зохион бүтээгч болох нь таны багын мөрөөдөл байв уу. Анх загварын салбартай хэрхэн холбогдож байв?

Хүүхэд байхдаа загварын салбарт нэлээд сонирхолтой байсан. Гэхдээ арван жилийн сургуулиа төгсөөд Анагаахын сургуульд элссэн орсон. Тэгээд яалтчгүй загварын салбарт нэлээн сонирхолтой байсан болохоор сургуулиа солиод загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцаж төгссөн.

Та “Lima`s bikini collection” брэндийг үүсгэн байгуулагч. Бренд бий болгоход ямар хүндрэл үүсдэг вэ?

“Limas bikini collection”  хувцасны брэндээ  2017 онд үүсгэн байгуулсан. Тухайн үед би бикини моделиор ажилладаг байсан. Миний суралцаж байсан БНХАУ-ын Жежян мужид “Alibaba”, “ Taobao” гэх мэт томоохон компанид байдаг. E-commerce   бизнес маш сайн хөгжсөн газар байсан. Интернет худалдааны компанид дадлагын ажил хийж байхдаа  дотуур хувцасны брэнд үүсгэн байгуулах санаа  төрсөн.  “Limas bikini collection” дотуур хувцасны брэнд БНХАУ-ын “ Taobao” онлайн худалдааны сайтаар худалдаалагддаг.

-Брэндийнхээ загварыг өөрөө зохиодог уу?

Тиймээ дотуур хувцасны загвараа өөрөө гаргадаг. Бас интернет худалдааны дата нь дээр суурилж гардаг.

Таныг Хонконгийн Kelly cosmetic брэндийн Healthy beauty төслийн нүүр царайгаар ажилладаг гэж сонссон. Энэ талаараа сонирхуулаач.

-Хонконгийн Kelly cosmetic LLС-ийн нүүр царайгаар Америк, Франц, Бразил, Орос зэрэг арав гаруй олон улсын моделиудтай хамтран ажилладаг байсан. Моделиуд дундаа ганц Ази модель нь би байсан.

-Одоо хоёулаа ярилцлагаа Voo original, A-Artist pictures-ийн бүтээл “30 өдөр, 30 секс” олон ангит эротик уран сайхны киноны талаар үргэлжлүүлье. Энэхүү кинонд тоглох саналыг танд хэн тавьсан бэ?

“30 өдөр, 30 секс” олон ангит киноны дууг дуулсан дуучин С.Хишигжаргал анх санал тавьж, дараа нь киноны найруулагч, зохиолчоор ажилласан Т.Алтантуяа эгч кинонд тоглох саналыг тавьсан.

“30 өдөр, 30 секс” олон ангит эротик кинонд эмэгтэй хүний гоо сайхныг урлаг талаас нь харуулна гэсэн учраас бас киноны найруулагч нь мэдрэмжтэй, эмэгтэй байсан учраас зөвшөөрч энэхүү кинонд тоглох болсон.

Эротик кинонд дүр бүтээх нь эмэгтэй хүнээс зориг шаарддаг. Мөн гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүсээсээ зөвшөөрөл авах шаардлага хүртэл гардаг гэж сонсож байсан. Танай гэр бүлийнхэн таны шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

Анх кинонд тоглох санал тавихад би мэргэжлийн жүжигчин биш, мөн эротик олон ангит кино гэхээр эмээж байсан. Удалгүй найруулагчтай уулзахад “хайрын боловсрол, гэр бүлийн харилцааны тухай урлагаар дамжуулж үзүүлнэ” гэсэн санал маш их таалагдсан болохоор өөрийгөө дайчлаад дүр бүтээгээд үзье гэж шийдсэн. Мөн гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ нэлээд зөвлөлдсөний эцэст кинонд тоглох шийдвэрээ гаргасан.

-Таны хувьд өмнө нь дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж байгаагүй гэлээ. Анхны уран бүтээл тань таныг нэлээд сорьжээ. Хэрхэн өөрийгөө дайчилж ажилласан бэ?

Анх удаа кинонд тоглож байгаа болохоор мэдэхгүй зүйл их гарч байсан. Олон хүн тойроод хараад зогсоход эвгүй байдаг юм байна лээ. Найруулагч маань байнга зөвлөгөө өгч байсан болохоор гайгүй байлаа.

Өөрийнхөө бүтээсэн дүрийг танилцуулахгүй юу?

Миний бүтээсэн Саруулын дүр бол гэр бүлтэй боловч гол дүрийн залуу Оргилтой хайр сэтгэлийн дотно харилцаа үүсгэсэн бүсгүйн дүр. Саруулын дүрээр гэр бүлдээ хариуцлагатай, гэр бүлээсээ салмааргүй байгаа ч гэсэн гэр бүлийн хүнээсээ халуун дулаан мэдрэмжийг авч чадахгүй болохоор гэр бүлээс гадуурх харилцааг үүсгээд тэр хүндээ хайртай болсон эмэгтэйн дүрийг олж харах байх. Илүү дэлгэрэнгүйг киноноосоо үзвэл дээр байх.

Анхны дүр. Мөн эротик драм гээд хүндрэлтэй зүйлс олон тулгарч байсан биз. Хэрхэн дүрээ амилуулсан бэ?

Киноны зураг авалт бүхэлдээ надад хэцүү байсан. Яагаад вэ гэвэл миний дүрийн хэсгүүд нүцгэн, хагас нүцгэн эротик сцен байгаа болохоор хэцүү байсан. Анги болгоны эхлэл хэсэгт гардаг нүцгэн зураг авалт нэлээн тэсвэр тэвчээр шаардсан.

-Зураг авалтын үеэр тохиолдсон хөгжилтэй мартагдашгүй мөчүүдээс хуваалцаач.

Киноны эхлэл хэсэгт гардаг нүцгэн зураг авалтыг зураглаач холоос авч байсан. Нүцгэн байгаа ч гэсэн эмэгтэй хүн юм чинь санаа зовно шүү дээ . Гэтэл нэг мэдсэн чинь зураглаач хажууд ирчихсэн зураг авч байсан. Тэрийг нь мэдэлгүй зураглаачаасаа цочоод бөөн инээдэм болж байсан./инээв./

Дараагийн кино уран бүтээлийн саналууд ирсэн үү. Цаашид кино уран бүтээлд дүр бүтээх урам зоригтой болсон биз дээ…

Ер нь бол кинонд тоглох, дүр бүтээх сонирхолтой санагдсан. Гэхдээ дахин кинонд тоглох эсэхээ дүр, зохиол болон продакшнийг нь сайн судалж байж шийднэ.

Цаг зав гарган бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилтыг хүсэн ерөөе.

-Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Г.Нараа

Санал болгох мэдээ

А.Баясгалан: Хуш модны самар түүхээр явж байхдаа хилийн зурваст нэвтрэх зөрчил цөөнгүй гарч байна

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус …