Монгол Улс 2006 онд Хүүхдийн тусламжийн утасны Олон Улсын сүлжээнд бүрэн эрхт гишүүнээр элсч, тогтмол үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2014 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс хуучнаар Хүүхдийн төлөө үндэсний газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Мобиком корпораци хамтран ажиллаж, төсөл хэлбэрээр “Хүүхдийн тусламжийн утас-108” нь 24 цагаар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулинд “Хүүхэд хамгааллын талаар мэдээ, мэдээллийг хүлээн авах, илрүүлэх зорилгоор яаралтай тусламжийн 24 цагийн утас ажиллуулж болно” гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 09 сарын 22-ны А/165 тоот тушаалаар төвийн дүрэм, бүтэц орон тоог баталсан билээ.
Тэгвэл “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, дуудлага хүлээн авах сувгийн төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Мобиком Корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компани Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн систем болон программын шинэчлэл хийх; Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн операторуудыг Мобиком Корпорацийн заасан хугацаанд сургалтад хамрагдах боломжоор хангах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх зэрэг олон ажлууд багтсан юм.
Харин Мобиком Корпораци ХХК-ийн зүгээс Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн Мессэж хүлээж авах тусгай дугаарын шугамыг Мобиком Корпорацийн хэрэглэгчдэд үнэ төлбөргүй болгох; Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн операторуудын гарын авлагын техник талын мэдээллийг боловсруулахад хамтран ажиллах, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн операторуудад үйлчилгээний соёлын сургалт гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэхээр боллоо.
Санамж бичгийн үр дүнд Монгол Улсад ганц байх хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв нь илүү дэвшилтэт технологиудыг ашиглан, дуудлага бүрийг алдалгүй авах, хүүхэд бүрд хүрч үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа юм.