Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод хөл хорионд саатаад байсан иргэдийг өнөөдрөөс эхлэн Хүннү эйр, Аэромонголиа дотоодын агаарын тээвэрлэгч авиа компаниуд тээвэрлэж эхэллээ. Ингэснээр 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн байдлаар Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлаас дотоодын дөрвөн ч нислэг үйлдэгдэж байна.
“Буянт-Ухаа” ОУНБ-ын хувьд байнгын бэлэн байдалд, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийсээр байна.
Нисэх буудал нь болоод Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд хамтран өнөөдрийн орон нутгийн нислэгийн үеэр зорчигчдыг хоорондоо 1,5-2 метр зай барьж үйлчлүүлэх, халуунаа хэмжүүлэх, амны хаалт зүүж гараа ариутгах зэрэг шаардлага тавьж ажилласан. Зорчигчид шаардлагыг биелүүлэн ямар нэг хүндрэл үүсгэлгүйгээр дэглэм барьж үйлчлүүлж байна.
Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлын үйлчилгээ хариуцсан Дэд дарга Н.Мягмарсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
–Өнөөдрийн хувьд орон нутгийн ямар чиглэлүүдэд хэчнээн зорчигч нисч байна вэ?
-Аэромонголиа авиа компани өглөө 08 цагт УБ-Өлгий-УБ чиглэлд 56 зорчигчтой, Хүннү эйр авиа компани 09 цагт УБ-Говь-Алтай-УБ чиглэлд 73 зорчигчтой, 10 цагт УБ-Өлгий-УБ чиглэлд 109 зорчигчтой нислэг үйлдлээ. Өдөр 13:30 цагт Аэромонголиа компани УБ-Улаангом-УБ чиглэлд нислэг үйлдэх юм. Ийнхүү өнөөдрийн хувьд орон нутгийн 4 нислэгтэй байна.
Монгол Улсын Шадар сайдын 146 дугаар тушаалын дагуу Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журмыг баримтлан зорчигчдыг халдваргүйжүүлэлтийн дэглэм барьж үйлчлүүлэх шаардлагыг Буянт-Ухаа нисэх буудлын ажилтнууд болон нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хамтын ажиллагаатай байгууллагын ажилтнуудтай хамтран мөрдүүлж ажилласан. Зорчигчдоос халуунтай хүн байгаагүй, мөн ажилтнуудын шаардлагыг биелүүлж үйлчлүүллээ.
–Зорчигч коронавирусын халдваргүй гэдгийг хэрхэн баталгаажуулж байна вэ? Мөн нисэх буудалд хувийн унаагаар хүргүүлж ирэх боломж хүндрэлгүй зохицуулагдаж байгаа юу, үдэгчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Коронавирусын PCR шинжилгээ өгсөн хариуг зорчигчийг хүлээлгийн танхимд нэвтрүүлхийн өмнө Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтнууд шалгаж ажиллаж байна. Нисэх буудал руу иргэд хувийн машинаар хүргүүлж ирэхэд нисэх буудлын хувьд холбогдох бичиг баримтыг шалган саадгүй нэвтрүүлж байгаа.
Харин үдэгчдийг нисэх буудалд нэвтрүүлэхгүйгээр нисгэх хүнээ буулгаад буцах шаардлагыг тавьж байна. Бид бөөгнөрөл үүсгэхгүй байх ёстой. Энэ дэглэм, шаардлагыг иргэд маань биелүүлж хамтран ажиллаж байгаад талархаж байна.
Ойрын өдрүүдэд Ховд, Алтай, Улиастай, Өлгий, Баянхонгор, Увс, Даланзадгад, Мөрөнгийн чиглэлд тус бүр нислэг гүйцэтгэхээр төлөвлөж, агаарын тээврээр зорчих иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг Шадар сайдын тушаалаар байгуулсан, ЗТХЯ-ны ТНБД С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Ташрамд дурдахад, агаарын тээврээр орон нутаг руу зорчих иргэд Аэро Монголиа” компанийн 7010 3030, “Хүннү Эйр” компанийн 7000 1111 дугаарын утсаар холбогдож бүртгүүлнэ. Ингэхдээ нэгдсэн зохион байгуулалттайгаар PCR шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариугаа авсан байх шаардлагатай юм.