Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хот болон зарим аймагт сунгаад байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх даваа гараг /2020.12.14/-аас сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж буйг зарлалаа.
Тэгвэл энэ сарын 14-ний өдрөөс эхэлж 34 төрлийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн“Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад олон нийтийн цуглуулсан хурал, танхимын сургалт болон бар, караоке, цахим тоглоомын газар, спортын арга хэмжээ, шашин сүм хийдийн үйл ажиллагаа, урлаг соёлын үйл ажиллагаа зэрэг 18 салбарын үйл ажиллагааг түр хугацаанд хориглож байна. Бусад аж ахуй нэгжийг тодорхой дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулна ” гэж мэдэгдлээ.
Мэдээллийн дараа Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа
-Хүн нас барсны дараа албан бичиг өөрчлөгдөж иргэдийг түргэвчилсэн оношлуураар товчоогоор нэвтрүүлэхээр болсон?
-Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дахиж алдаа гаргахгүй байхад анхаарч гаргасан шийдвэрүүдийг зөөлрүүлсэн. Голомттой бүс нутгуудаас Улаанбаатарт нэвтрэх иргэдээс PCR шинжилгээ авах журам үйлчилж байсан.Үүнийг зөөлрүүлсэн гэхэд болно. Харин шийдвэр өөрчлөөгүй.
–Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээснээр автомашины тусгай зөвшөөрөл хүчингүй болж байна уу?
-Тийм, энэ сарын 14-өөс тээврийн хэрэгслүүд ердийн үеийнх шиг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцоно. Тиймээс QR код хүчингүй болно гэсэн үг.
-Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа нээснээр тусгай журамд анхаарах шаардлагатай зүйл бий юу?
-Төрөөс иргэдтэйгээ хамтран хариуцлага хүлээж журам гаргаж байна гэж ойлгож болно. Улаанбаатар хот эрсдэлтэй бүс хэвээр байгаа тул иргэд, үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй. Аж ахуй нэгжүүд ч бас халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж, илүү хариуцлагатай байх шаардлагатай. Тухайлбал, кофе шопууд сууж үйлчлүүлэхийг хязгаарлах, авч явах үйлчилгээг дэмжих, зоогийн газрууд хүн хоорондын зайг маш сайн барих, метр квадратдаа тохирсон үйлчилгээ явуулах, ширээний тоонд тохирсон үйлчлүүлэгч авах зэрэг дундаж шаардлага тавьж байна.
Үйл ажиллагааг нь түр хугацаанд хязгаарласан 18 газар
Үүнд:
-Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа /Хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдааг хориглосон/
-Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт
-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
-Үсчин
-Амралт, жуулчны бааз
-Зочид буудал,
-Дэн буудал
-Түргэн үйлчилгээний цэг
-Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
-Олон нийтийн хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал, зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
-Бүх төрлийн баар
-Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
-Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, биллиард фитнес, бүжиг, иогийн клуб/
-Саун, бассейн
-Шашны үйл ажиллагаа /гандан, сүм хийд/
-Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
-Гоо сайхан
-Бариа засал, алжаал тайлах төв, массажны газар