Өчигдөр орой Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймгийн шуурхай штабын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ. Уг хуралд Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, тархвар судлаач, мөн ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул, Сайдын зөвлөх О.Чимэдсүрэн нар оролцлоо.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил тус аймаг дахь халдварын тархалтын төлөв, хэрэгжүүлж буй арга хэмжээ, зарим тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав. Тус аймагт энэ сарын 09-ний өдөр 3 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 207 (Сүхбаатар сум-202, Мандал сум-3, Алтанбулаг сум-2) байгаагаас дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж, 40-49 насанд өвчлөл хамгийн өндөр байна. Ойрын хавьтлын 1216, хүнийг илрүүлж, тусгаарлалт, хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Түргэвчилсэн оношлуураар Сүхбаатар суманд 17,927, бусад сумдад 12,382, нийт 30,309 иргэн хамрагдаад байна.
Хурлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Бүртгэгдсэн тохиолдлын тоо 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш бага зэрэг буурах хандлага байсан хэдий ч 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш дахин нэмэгдэх төлөв харагдаж байна.
Халдвар тархалтын динамик, шалтгаант загварын тооцооллоор 12 дугаар сарын сүүлээр нууц үедээ буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлагатай байна. Үүнээс улбаалан 2021 оны 2 дугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг гарч байна.
Өөрөөр хэлбэл халдварын дэгдэлтийн 2 дахь давлагаа эхлэх магадлалтай байна. Иймд Сүхбаатар сумын төвийн 5200 өрх бүрээс нэг иргэнийг ПГУ-ын шинжилгээнд хамруулан тандалт хийх, нөгөө талаар хүн амын дунд халдвар тархан эдгэрсэн эсэхийг тодруулахын тулд серо-эпидемиологийн судалгаа хийнэ” гэлээ. Аймгийн онцгой комисс уг саналыг дэмжин ойрын өдрүүдэд бэлтгэл хангах, Улаанбаатараас сорьц цуглуулах шинжилгээний баг нэмэлтээр орон нутагт ажиллах юм.