Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлж буй найман улсын туршлагыг судалжээ.
Тодруулбал БНХАУ, АНУ, ОХУ, БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС, ХБНГУ, БНСУ, ЯПОН зэрэг найман улс багтсан байна.
“КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” (БНХАУ-ЫН ЖИШЭЭГЭЭР)
БНХАУ нь “Ковид-19” анх гарч цар тахалтай тэмцсэн улсын хувьд өвчний тархалтыг зогсоох, нийгмийг хэвийн горимд шилжүүлэх талаар туршлагатай улс юм. Цар тахлын үед БНХАУ-ын төв засгийн газар, орон нутаг, компани аж ахуйн нэгжүүд шат шатандаа зорилтод чиглэлтэй бодлого шийдвэрийг гаргаж салбар мэргэжил бүрийн онцлогт тохируулсан тодорхой дүрэм журмыг гарган мөрдүүлж, бодлого хоорондын уялдааг хангах талаар анхаарч гарсан алдаа дутагдлыг цаг алдалгүй засч ажилласан байдаг.
БНХАУ “Ковид-19”-ын эсрэг төрийн хатуу хяналттай бодлого арга хэмжээг орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан хэрэгжүүлснээр цар тахлыг богино хугацаанд давах боломжийг олгосон юм. Өмнөд хөршийн “Ковид-19”-тэй тэмцсэн туршлага нь БНХАУ-ын улс төрийн тогтолцоо, улс орны хүчин чадал онцлогтой салшгүй холбоотой учраас манай орны цар тахлын эсрэг нөхцөлд шууд ашиглах боломжгүй. Гэхдээ БНХАУ-ын цар цахлын халдвараас сэргийлэхэд тулгарч буй бэрхшээл болон өмнөд хөршийн технологийн хөгжил шинэчлэл нь манай улсын анхаарч хөгжүүлэх шаардлагатай чиглэл юм.
Энэхүү танилцуулгад манай улсын цар тахалтай тэмцэж буй өнөөгийн нөхцөлд БНХАУ-ын “Ковид-19”-тэй тэмцсэн туршлагаас зарим нэг санаа авч болохуйц арга туршлагыг дурдахыг хичээсэн болно.
1. Цар тахлын үеийн арга хэмжээ
Төр засгийн суртал ухуулга: ХКН-ын (Хятадын Коммунист Нам) суртал ухуулгын газраас нам засгийн бодлого үйл ажиллагааг сурталчилж, цар тахалтай холбоотой танилцуулга бүтээл гарын авлага хийж, олон нийтэд түгээв. Нийгэмд нөлөөтэй урлаг спортын одуудыг цар тахалтай тэмцэх сурталчилгаанд өргөнөөр оролцуулж, иргэд олон нийтийн сэтгэл санааг нэгтгэх талаар онцгойлон анхаарсан юм.
Хот, хороо, хотхоныг хамарсан хатуу хорио: Цар тахлын голомт болсон хотод хатуу хорио цээрийн дэглэм тогтоож, богино хугацаанд бүх иргэдийг “Ковид-19”-ын шинжилгээ тестэд хамруулан сэжиг бүхий тохиолдлыг яаралтай тусгаарлаж байв. Хотхон хариуцсан ажилтнууд (манайхаар бол СӨХ-ны ажилтан) болон сайн дурынхан “Ковид-19”-д өртөмтгий нийгмийн эмзэг бүлэгт анхаарал хандуулж, гар утасны технологийг ашиглан мэдээллийг авч шаардлагатай тусламжийг үзүүлэн хүнс, эмийн хэрэгцээг дөхүүлэн өгч байв.[1] Иргэд хороо хотхонд тавьсан хатуу хориог даган мөрдөж, 1 өрхөөс зөвхөн гэр бүлийн 1 гишүүн долоо хоногт 2-3 удаа гэрээсээ гарч хэрэгцээтэй зүйлээ худалдан авна, хотхоноос гарч орохдоо халуунаа шалгуулж бүртгүүлнэ. (Ухань хотод гэрээс гарахыг бүрэн хориглож сайн дурынхан өрх бүрт хэрэгцээт зүйлийг хүргэж өгч байсан) Цар тахалтай холбоотой мэдээллээс гадна эрүүл мэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байв.[2]
Сайн дурынханы оролцоо: Цар тахлын онцгой байдал зарласан өдрөөс эхлэн БНХАУ-ын залуучуудын байгууллагаас хот муж бүрт сайн дурынханыг зохион байгуулж дайчлан ажиллуулав. “Ковид-19”-ын тархалтын үед буюу 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын сүүл хүртэл БНХАУ даяар нийт 5,84 сая сайн дурынхан ажилласан байна.[3] Сайн дурынханд эрүүл мэндийн байгууллага богино хугацааны сургалт явуулж, цар тахлын үед баримтлах хууль дүрмийн заавар зөвлөгөөг өгч тэднийг эмнэлэг, хотхон, чухал шаарлагатай албан байгууллагуудад хувиарлан ажиллуулжээ.
Технологийн хөгжлийг ашиглах: Цар тахлын үед иргэд цахим орчинг ашиглаж өөрийн хэрэгцээт зүйлээ захиалж дуудлагаар бэлэн мөнгө хэрэглэхгүйгээр худалдан авч байсан нь олон нийтийн хөдөлгөөнийг сийрэг байхад чухал нөлөөтэй үзүүлэв. БНХАУ хотын хяналтын камерын систем, зайнаас халуун хэмжих хэрэгсэл, үүрэн холбооны оператор компаниуд, гар утасны Вичат апликейшн зэргээр дамжуулан асар том хяналтын системийг бий болгож, “Ковид-19”-ын тархалтыг хязгаарласан юм.
2. Цар тахлаас хэвийн горимд шилжих
Цар тахлын үед БНХАУ дотоодынхоо нөөц боломж чадамжийг шаардлагатай бүс нутагт төвлөрүүлэн ашиглаж, нийгэм, эдийн засгийг хэвийн журамд шилжүүлэхдээ “Ковид-19”-ын эрсдлийг 3 шатанд ангилсан. Үүнд:
1. Өндөр эрсдэлтэй бүс нутагт орчны ариутгалын ажлыг хийж цар тахлын хатуу хяналт хорио цээрийг тогтоох;
2. Дунд эрсдэлтэй бүс нутгийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж тухайн бүс нутгийн өвчний тархалтыг хумих арга хэмжээг авахын зэрэгцээ үе шаттайгаар шинэ хэвийн горимд шилжих алхамыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах;
3. Бага эрсдэлтэй бүс нутгийн үйлдвэрлэлийг сэргээж ажил амьдралыг шинэ хэвийн горимд шилжүүлэх гэсэн үе шаттай байна.[4]
БНХАУ технологийн хөгжлийг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэн цахим хэрэглээнд шилжин иргэн бүр нь өөрийн гэсэн QR кодтой болж, Вичат сүлжээг ашиглаж байгаа нь цар тахлын хорио цээрийн дэглэмийн үед эрүүл мэндийн хяналтыг тогтоох, цар тахлын дараах нийгмийн амьдралыг хэвийн горимд буцаан оруулахад үйл явцад үүрэг гүйцэтгэсэн байна. Хүн бүр явсан газар бүртээ хувь хүний QR кодоо уншуулж, биеийн халуунаа тухайн газартаа бүртгүүлэх үүрэгтэй, ингэснээр иргэн бүрт хяналтыг тогтоож, эрсдлийг ангилах боломжтой болсон байна.
3. Цар тахалтай зохицон амьдрах шинэ хэвийн горим
Одоогоор БНХАУ “Ковид-19”-ын дараах нийгмийн шинэ нөхцөл байдалд дасан зохицож бүх шатны байгууллага хэвийн ажиллаж байна. Албан байгууллага, эмнэлэг, бүх шатны сургуулиуд, үзвэр үйлчилгээний газрууд орж гарч буй хүмүүсийн биеийн халууныг мэдээллийн санд бүртгэж ажилтан албан хаагчид, сурагч оюутнууд, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж байна.
Цаашид анхаарах зүйл: БНХАУ-д импортоор орж ирж буй хүйтэн хөргүүрийн бүтээгдэхүүний (Загас Vertebrata) савалгаанаас “Ковид-19”-ын халдвар илэрч байгаа учраас импортын бүтээгдэхүүний хяналт шалгалтыг чангатгаж байна.[5] Хүйтэн цаг ууртай манай улсын хувьд ч мөн адил гадаадын орнуудаас импортоор олон төрлийн бүтээгдэхүүн авдаг. Өвлийн улиралд “Ковид-19”-ын вирустэй бүтээгдэхүүн хилээр орж ирэх эрсдэлтэй байгаа учраас импортын бүтээгдэхүүний гадаргууг шалгаж ариутгах арга хэмжээ авах шаардлагатай байна.
Манай улсын иргэд олон нийт орчин үеийн технологийн ололтыг хэсэгчлэн хэрэглээндээ нэвтрүүлээд байгаа ч салбар бүрийг хамарсан цогц цахим хэрэглээг нэвтрүүлээгүй байгаагаас энэ удаагийн цар тахалтай үр дүнтэй тэмцэх хяналтанд оруулах боломжийг удаашруулж байгаа юм. Манай улс цаашид олон улсын чиг хандлагыг дагаж төр олон нийтийн “их өгөгдөл”-ийг (BIG DATA) хөгжүүлж, цахим мөнгөний хэрэглээ, интернэт худалдаа, цахим хүргэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох шаардлагатай байна.
Танилцуулга мэдээ бэлтгэсэн:ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалынсалбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Анхбаяр
“КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” (АНУ-ын жишээгээр)
Нөхцөл байдал: АНУ-д халдварын тохиолдол огт буурахгүй байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар “Ковид-19” цар тахлын улмаас амь насаа алдсан хүний тоо 268 мянга даваад байна. Энэ нь АНУ-д 10 хүрэхгүй сарын хугацаанд “Ковид-19” нь бүтэн жилийн хугацаанд цус харвах, амиа хорлох, автомашины ослоор амь насаа алдах зэргийг нийлүүлснээс илүү хүний аминд хүрсэн гэсэн үг юм. [1] 11 дүгээр сарын 25-ны оройн байдлаар халдварын шинээр бүртгэгдсэн тохиолдол 145 мянга болж өссөн нь цар тахал дэгдснээс хойших нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Долоо хоногийн дунджаар авч үзвэл, АНУ-д халдвар хамгааллын арга хэмжээг оройтож авсан, үүний дээр улс төржсөн болон худал мэдээлэл их байсан зэрэг нийгмийн олон хүчин зүйлсээс шалтгаалан өнөөдөр өдөр бүр 1,176 хүн нас барж байгаа нь хамгийн их халдвар тархаж буй дараагийн улсууд болох Энэтхэг, Бразиль улсын нэг өдрийн дундаж нас баралтаас хавьгүй илүү байна. Өөрөөр хэлбэл, тус улс халдвар хамгааллын талаар олон улсын хамгийн тааруу жишээ туршлага болохоор байгаа бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д халдварын нийт 13.2 сая орчим тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 10 саяас давсан тохиолдол бүртгэгдсэн дэлхийн цорын ганц улс болоод байна.[2]
“Ковид-19” халдвар тархсан үед хөл хорионы дэглэм тогтоох нь хамгийн үр дүнтэй байна
Нийт 51 судалгааны[3] үр дүнд тулгуурласан симуляцын судалгаанаас үзэхэд, хөл хорионы загварчилсан арга хэмжээ нь “Ковид”-19 цар тахлаар өвчлөх хүний тоо, нас баралтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэмжээ гэж үзэж байна. Хөл хорионы дэглэм тогтоосон тохиолдолд, “Ковид-19”-ээр өвчлөх хүний тоо хамгийн багадаа 44 хувиар, хамгийн ихдээ 96 хувиар буурдаг болохыг дээрх судалгаа нотолж байна. Үүнтэй адил, хөл хорионы дэглэм тогтоосноор нас баралтын тоо хамгийн багадаа 31 хувиар, хамгийн ихдээ 76 хувиар буурахаар байна. “SARS болон MERS-ийн талаар хийсэн судалгаануудын үр дүн нь “Ковид-19”-ийн талаарх судалгаатай тохирч байгаа ажээ.[4]
Дархлааг дэмжихэд ус тогтмол уух нь тустай
Ус ууж байх нь коронавирусын халдвар авахаас сэргийлнэ гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо байхгүй боловч шингэн тогтмол хэрэглэж байх нь хүний дархлааны систем хүчтэй байхад нөлөөлдөг байна. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, ус нь хүний биеийн температурыг тогтмол байлгах, үений зөөлөн эдийг тосоор хангах, нуруу, нугас болон бусад мэдрэмтгий эд эсийг хамгаалах, биеэс шингэн ялгаруулах зэргээр хэрэггүй бодисыг гадагшуулах зэрэгт тустай.[5] “Усыг тогтмол уух нь үргэлж сайн нөлөөтэй бөгөөд энэ нь биеийн бүхий л үйл ажиллагаанд тустай[6] гэж АНУ-ын Бостон хотын “South Shore” эмнэлгийн халдварт өвчний мэргэжилтэн, доктор Симон Уайлдес хэмээн зөвлөж байна.
Цусны нөөцийг таслуулдахгүй байх арга хэмжээ авч байна
Цар тахлын үед АНУ-ын цусны нөөц, хангамжид урьд өмнө байгаагүй хомсдол, бэрхшээл тулгарч байна. Нийгмийн харилцаанд зай барьж байгаа, доноруудаас очиж цус авах боломжгүй болсон зэргээс шалтгаалан цусны донорын төвүүдэд өмнөх шигээ цус хандивлах нь эрс багассан ажээ.
Цусны хангалттай нөөцтэй байх нь нийгмийн эрүүл мэндэд чухал юм. Осол гэмтэл, түлэгдэлтэд өртсөн, зүрхний болон эрхтэн шилжүүлэх хагалгаанд орсон, хорт хавдарын эмчилгээ хийлгэж байгаа, амь насанд нь заналхийлсэн бусад нөхцөлд байгаа зэрэг бүх насны өвчтнүүдэд цусны донорууд л тусалж чадна. АНУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн тооцоолсноор, 2 секунд тутамд АНУ-д байгаа хэн нэгэнд цус хийх хэрэгтэй болж байдаг. Ийм учраас АНУ-ын Хүнс, эмийн байгууллагаас эрүүл, цар тахлын халдвар аваагүй хүмүүсийг орон нутгийнхаа цусны донорын төвд хандахыг уриалсаар байна.[7]
Дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхэд анхаарах зүйлс
АНУ-д дэлгүүр, худалдааны төвүүдээр аль болох үйлчлүүлэхгүй байх, цахим худалдааг ашиглан өөрт болон гэр бүлдээ шаардлагатай бүтээгдэхүүнийг хүргэлтээр авч байхыг зөвлөж байна. Зайлшгүй шаардлагатай тохиолдол, дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ дараах эрүүл ахуйн зөвлөмжийг баримтлахыг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэлд дурджээ. Үүнд:
– Олон нийтийн газарт, хамт амьдардаггүй хүмүүсийнхээ эргэн тойронд, ялангуяа нийгмийн харилцаанд зай барих боломжгүй тохиолдолд амны хаалт зүүх;
– Дэлгүүр, худалдааны төвүүдээр өөрийн биеэр үйлчлүүлэх бол хүн цөөн байхад очих (жишээлбэл, өглөө эрт эсвэл шөнө орой);
– Хэрэв тухайн хүн нь өвчин тусах эрсдэл өндөртэй бол дэлгүүр, худалдааны төвийн өндөр эрсдэлтэй хүмүүст зориулан тусгай цаг гаргасан эсэхийг олж мэдэх. Ийм тусгай цагтай тохиолдолд тухайн цагаар дэлгүүрт очих;
– Дэлгүүрийн тэрэг, сагсыг ариутгах, боломжтой тохиолдолд ариутгалын салфеткаг ашиглах;
– Дахин ашиглах боломжтой уут, тор (жишээ нь, даавуун тор)-ыг хэрэглэх бол хэрэглээ болгоныхоо өмнө цэвэрлэж байх. АНУ-ын зарим муж, хотод “Ковид-19” цар тахлын үед дахин ашиглах боломжтой уут торыг түр хугацаагаар хориглосон тул дахин ашиглах боломжтой уут, торыг дэлгүүрт авч ирэхээсээ өмнө муж, хот, дэлгүүр, худалдааны төвийн баримталж буй бодлогыг судалж үзэх;
– Угаагаагүй гараараа нүд, хамар, амандаа хүрэхгүй байх;
– Дэлгүүр дотуур явах, төлбөр хийхээр дугаарлахдаа бусдаас хамгийн багадаа 6 фийт (182.88 см)-ийн зай барих;
– Орох, гарах цэгийг тэмдэглэж, хүмүүсийг дор хаяж 6 фийт (182.88 см)-ийн зайтай байлгахын тулд чиглүүлсэн шалны болон бусад тэмдэглэгээг хийх;
– Зөвхөн худалдан авахаар төлөвлөж буй бүтээгдэхүүндээ гар хүрэх;
– Өөртөө үйлчлэх цэгээс амталгааны бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байх;
– Гар хүрэхгүйгээр ашиглах төлбөрийн аргыг (бэлэн мөнгө, карт, товчлуурт хүрэлгүйгээр төлбөрөө хийх) сонгох. Бэлэн мөнгө, карттай харьцах шаардлагатай бол төлбөрөө хийснийхээ дараа гар ариутгагчийг хэрэглэх зэрэг болно.
Танилцуулга мэдээ бэлтгэсэн:ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Л.Бямбаханд
“КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА”
(ОХУ-ын жишээгээр)
ОХУ-д нийт халдвар авсан хүний тоо 2020 оны 11 дүгээр сарын 25-ны байдлаар 2 сая 162 мянга боллоо. Нэг өдөрт халдвар авсан хүний тоо 9 дүгээр сарын сүүлийн 10 хоногоос эхлэн огцом өсөж, одоо өдөрт халдварлагсдын тоо 25 мянга хүрээд[1] байна. Хэдийгээр албан ёсны тайлан, мэдээнд энэхүү статистикийг баримталж байгаа ч энэ нь ихээхэн бууруулсан үзүүлэлт бөгөөд 6 дахин нэмэгдүүлж тооцвол бодит үнэнтэй ойртох[2] тухай мэргэжилтнүүд хэлж байгааг оросын “Независимая газета” сонинд өгүүлжээ.
ОХУ-ын Засгийн газраас 2020 оны 4-р сарын 3-нд буюу дотоодод халдвар тархсанаас 1 сарын дараа Коронавирусын халдварын улмаас нөхцөл байдал дордсон үед хамгийн их хор хохирол амсаж байгаа эдийн засгийн салбар нэгжүүдийн жагсаалтыг[3] гаргаж, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн тусламж, татварын хөнгөлөлт үзүүлэх зорилгоор “Төв банкны тухай Холбооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, бусад холбогдох хууль тогтоомжууд, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн заалтыг цар тахлын эсрэг авах арга хэмжээнд хэрэглэх төлөвлөгөө гарган баталсан. Манай улс бүх бизнес үйл ажиллагаагаа хорьж зогсоох биш, харин ОХУ-ын жишгээр эрсдэлд орж буй салбар нэгжүүдийг яаралтай тодорхойлж, зээл тусламж, хөнгөлөлт үзүүлэх асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байна.
ОХУ-д хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс манай улсад хуулбарлах боломжгүй, нөөц бололцоо хүрэхгүй, эсвэл огт байхгүй салбар (вирус судлал, хүнд машин техникийн үйлдвэрлэл)-ын үйл ажиллагааг орхиод, манайд хэрэгжүүлж болзошгүй гэсэн зүйлсийг ерөнхийд нь багцлан үзлээ. Үүнд нэгдүгээрт, эрүүл мэндийн салбар, хоёрдугаарт, нийгмийн эмзэг бүлгийнхэнд хандсан халамжийн үйлчилгээ, гуравдугаарт, эрсдэлд ороод байгаа байгууллага компани, жижиг дунд үйлдвэрлэлд зориулсан санхүүгийн дэмжлэг тусламж гэсэн чиглэлийг хамааруулж байна.
Эрүүл мэндийн салбарт: коронавирусын эмчилгээнд зориулсан эмнэлгийн тоног төхөөрөмж, ор хангамжийг нэмэгдүүлэх; эм, эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг, бүтээгдэхүүн борлуулдаг байгууллагуудын үйлчилгээг илүү түргэн шуурхай болгох зорилгоор аливаа зөвшөөрөл олгох процедураас чөлөөлөх, татварын хөнгөлөлт үзүүлэх; коронавирусын эсрэг хэрэглэх эм тариа, вакциныг гаалийн татвараас чөлөөлөх; тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортыг татвараас чөлөөлөх; шинжилгээний 370 төв, вакцин гаргахаар ажиллаж байгаа 7 төвд[4] санхүүгийн дэмжлэг үзүүлэх; сайн дурын ажилтнуудад хүндрэл учруулахгүй шаардлагатай эм тариа, наад захын хүнсний бүтээгдэхүүнийг олгодог байх зэрэг үйл ажиллагаанд хэр хэмжээний зардал гаргахыг хуваарилсан байна. Манай улсад шинжилгээний төвүүдийг яаралтай олшруулах, тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй. Энэ салбарт засгийн газраас үзүүлсэн дэмжлэгүүдийг харахад манай улсад аливаа хөнгөлөлт үзүүлж, зарим татвараас эрүүл мэндийн байгууллагыг чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа хэдий ч 60-аас дээш насны хүмүүсийг халамжилж байгаа хүмүүст наад захын хүнсний болон эмийн бүтээгдэхүүнийг чирэгдэлгүй олгох, мөн эмзэг бүлгийн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлж байгаа сайн дурынханд тодорхой хэмжээний үйлчилгээний хөнгөлөлт үзүүлэх зэргийг хэрэгжүүлэх боломжтой.
Нийгмийн эмзэг бүлгийнхэнд зориулсан халамж үйлчилгээ: Хүүхдүүдэд үзүүлэх халамж үйлчилгээг сар тутмын, нэг удаагийн, мөн нас насаар ангилан төрөл бүрийн халамж олгож байгаагаас гадна 1,5 нас хүртэлх хүүхэд халамжилж байгаа хүний тэтгэмжийг 2 дахин нэмэх, ажлаас халагдсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжээс гадна хүүхдүүдийн тоогоор нэмэлт тэтгэмж өгөх гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Мөн ажлаас халагдсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг албан тушаал хамааралгүй нэг дүнгээр олгох, нэмэлтээр тодорхой заасан хугацааны сургалтанд үнэ төлбөргүй суух, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шуурхай шийдвэрлэх; хүнд өвчтэй хүмүүсийг асран халамжилж байгаа сайн дурын ажилтнуудыг цалинжуулах; эмч, сувилагч, асрагч нарт нэмэгдэл цалин олгох ажлыг зохион байгуулжээ . Энд дурдаж буй богино хугацааны сургалтуудад үнэ төлбөргүй сургах хөтөлбөрт 2,9 тэрбум рубль[5] гаргаж байгаа нь нэг талаас ажилгүй иргэдээ дэмжих, нөгөө талаас энэ төрлийн бизнес эрхэлдэг байгууллагууддаа дэм болох юм. Манай улс хүүхдийн 100,000 төгрөгөөс өөр халамжид зориулж их хэмжээний хөрөнгө зарцуулах чадамжгүй тул ажилгүй иргэддээ боловсрол олгох, дижитал платформ хөгжүүлж дөнгөж эхэлж байгаа гарааны бизнесийнхэнд дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлэх боломжтой.
Санхүүгийн дэмжлэг: Цар тахлаас болж хор хохирол амсаж байгаа салбар, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй, урт хугацааны зээлийг олгох, татвар болон даатгалын төлбөрийн хугацааг 3-6 сараар хойшлуулах, дахин сунгах, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хүрээг өргөтгөх, хүүг бууруулах, бүх бизнесийг дэмжих зээл гаргах, огт ажиллах боломжгүй байгаа агаарын тээврийн болон аялал жуулчлал, зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэг бизнесүүдийг дэмжих зорилгоор үндсэн зээлийн төлөлт, татварын төлбөрийг хойшлуулах арга хэмжээг авчээ. Манай улсын хувьд аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээний салбарын хөгжил сайнгүй, тухайн компаниуд улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг, хугацаа богино зэрэг шалтгаан их тул энэ салбарын татварыг хойшлуулах биш, тодорхой хугацаанд чөлөөлөх шаардлагатай. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн хүрээг бусад улсад нэмэгдүүлж, зээлийн хүүг багасгаж байхад манай улсын 2021 оны төсөвт энэ санхүүжилтийг бүрмөсөн зогсоосон.
Бусад: Төр захиргааны үйл ажиллагаанд: ОХУ-ын засаг захиргааны үйл ажиллагааны хүрээнд хийгдэх аливаа зөвшөөрөл, лиценз олгох, сунгах ажлын заримыг бүрмөсөн үгүй болгох, заримыг автоматаар сунгах, аливаа төрийн ажиллагааг хялбаршуулах зэрэг ажил хийгдэж байгаагаас ихээхэн хэмнэлт хийгдэж байна. Боловсролын салбарт: зайны сургалтын 30 платформ ажиллаж, сурагчид ба оюутнуудын онлайн сургалтын нөхцөлийг хангах; эрдмийн цол, зэргийг зайнаас хамгаалах; холбооны эрдэм шинжилгээний болон боловсролын байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээ манай улсад хэрэглэгдэж байна. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулиудад ашигладаг дотооддоо боловсруулсан платформ байхгүй. Энэ нь зөвхөн цар тахлаар хязгаарлагдах зүйл биш тул энэ чиглэлд хөрөнгө оруулж, боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Танилцуулга мэдээ бэлтгэсэн:
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Д.Туул
“КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА”
(БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЖИШЭЭГЭЭР)
ХАЛДВАР ХАМГААЛАЛ
2020 оны 10 дугаар сард БНТУ-ын Эрүүл мэндийн яамнаас “Цар тахлын удирдлага ба хөдөлмөр эрхлэлт” сэдэвт дэлгэрэнгүй зөвлөмж бүхий баримт бичгийг ШУ-ны зөвлөлийн ажлын хэсэгтэй хамтран боловсруулжээ. Нийт 500 орчим хуудас бүхий энэхүү дэлгэрэнгүй зөвлөмжид цар тахал тархсан үед зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, үсчин гоо сайхан, ахуйн үйлчилгээ, хүүхдийн тоглоомын төв зэрэг 10 гаран чиглэлийн худалдаа, үйлчилгээний байгуулага тус бүрт тусгайлан гаргасан цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, түүний удирдлагын талаар дэлгэрэнгүй зөвлөмж багтсанаас гадна хот хоорондын зорчигч тээвэр, такси үйлчилгээ, уул уурхай, барилга, шатахуун түгээх, тээвэрлэх зэрэг хүнд үйлдвэрийн салбарт мөн халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөх талаар дэлгэрэнгүй зөвлөмжүүдийг боловсруулан нийтэд тараасан байна.
Дээр дурдсанчлан хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор 2020 оны 10 дугаар сарын дунд үеэс эхлэн дахин нэмэгдэж, нэг өдөрт батлагдсан тохиолдол 4000 гаруй, нас баралт 100-аас дээш болж, анх вирус тархсан 2020 оны 3 дугаар сартай харьцуулахад нөхцөл байдал огцом муудаж эхэлсэн тул бүх нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, цар тахалтай тэмцэх шинэ зохицуулалтуудыг 2020 оны 11 дүгээр сарын эхнээс үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон байна. Тухайлбал 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хөдөлгөөн ихтэй гудамж, задгай талбай, нийтийн тээврийн зогсоол зэрэг газруудад тамхи татахыг хатуу хориглосон БНТУ-ын Дотоод хэргийн сайдын тушаал гарчээ. Энэхүү тушаал нь БНТУ-ын засаг захиргааны 81 мужид бүгдэд хүчинтэй үйлчлэх бөгөөд тушаалыг зөрчсөн иргэнд 900 турк лира (110 ам.доллар) торгууль ногдуулах юм. Тамхи татах нь амьсгалын зам болон шүлсээр дамжин вирус тараах эрсдлийг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна.
Цар тахлын дэгдэлтийг бууруулах, халдвар, хамгааллын дэглэмийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараах гурван албадлагын арга хэмжээг мөн авч хэрэгжүүлж эхэлсэн байна.
1. Амралтын өдрүүдэд орой 20:00 цагаас өглөөний 10:00 цаг хүртэл гэрээс гарахыг хориглох. Одоо улирлын амралттай байгаа сургууль, бусад сургалтын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл цахим хэлбэрээр явуулах, 65 болон түүнээс өндөр настай иргэдээ 10.00-13.00 цагийн хооронд, 20 нас болон түүнээс залуу иргэдийг 13:00-16:00 цагийн хооронд гэрээс гарахыг зөвшөөрөх
2. Худалдаа, үйлчилгээний төв, зах, ресторан, үсчин, зэрэг газруудын ажиллах цагийн хуваарийг 10:00-20:00 цаг болгон хязгаарлах, ресторан, кофе шоп зэрэг газарт зөвхөн авч явах нөхцөлтэйгээр хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэх, баар, цэнгээний газар, кино театр зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл бүрэн хаах.
3. Спортын арга хэмжээ, уралдаан, тэмцээн зэргийг үзэгчгүй зохион байгуулах, Хөл бөмбөгийн талбайнуудыг бүрэн хаах, гудамж талбайд тамхи татахыг хориглох,
Төрийн болон хувийн хэвшлийн албан газруудад ажлын цагийг уян хатан хэлбэрээр шийдвэрлэх боломж олгох, бөөгнөрөл үүсгэхгүй нөхцөлтэйгээр ажлын цагаа өөрчлөхийг зөвшөөрөх зэрэг шийдвэрүүдийг өнгөрөгч 7 хоногт БНТУ-ын засгийн газраас гаргаад байна.
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ
БНТУ-ын Гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний яамнаас КОВИД–19 цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд улс орон даяар тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа эмзэг бүлгийн иргэдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж олгох, богино хугацааны хөдөлмөр эрхлэлтээр хангах гэсэн гурван үндсэн үйл ажиллагаа бүхий нийгмийн хамгааллын хөтөлбөрийг 2020 оны 3 дугаар сараас 3 үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээр арга хэмжээ дундаас нийгмийн эмзэг бүлэгт тусгайлан чиглэсэн нийгмийн хамгааллын гол арга хэмжээ бол эмзэг бүлгийн иргэдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх үйл ажиллагаа юм. Ингэхдээ өрх бүрээс зөвхөн нэг иргэнд 1000 турк лир буюу 140 ам.долларын бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлсэн байна.
Энэхүү мөнгөн тэтгэмж олгох хөтөлбөрт төрийн зарим албан хаагч, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг өндөр настан, ажилгүйдлийн тэтгэмж авагч этгээд, богино хугацаанд хөдөлмөр эрхлэгч иргэд хамрагдахгүй юм. 2020 оны 6 дугаар сараас эхлэн дээрх мөнгөн тэтгэмж олгох ажлын 3 дахь шатыг эхлүүлсэн бөгөөд энэ шатанд дээр дурдсан нийгмийн бүлэг болон 1,2 дугаар шатанд бэлэн мөнгө авсан иргэд бэлэн мөнгөний тэтгэмж авахгүй, харин дэмжлэг аваагүй нийгмийн бусад эмзэг бүлгийн иргэд хамрагдах юм. Энэ ажил өдгөө үргэлжилж байгаа бөгөөд бэлэн мөнгөний тэтгэмж авах хүсэлтээ иргэн цахим хэлбэрээр гаргаж, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг мөн цахим хэлбэрээр хүлээн авч байгаа юм. Харин мөнгөн тэтгэмжийг шилжүүлсэн банкны картыг иргэдэд шуудангийн үйлчилгээгээр дамжуулан хүргэж байна.
2020 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар нийт 2 тэрбум турк лир буюу 286 сая ам.долларын мөнгөн тусламжийг 1,200,000 өрх аваад байгаа бөгөөд мөнгөн тусламж олгох 3 дахь үе шат өмнөх 2 үе шаттай харьцуулахад урт хугацаанд үргэлжилж, илүү олон хүн хүсэлт гаргах төлөвтэй байгааг Гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйчилгээ хариуцсан сайд тэмдэглэсэн байна.
Цахим хэлбэрээр хүсэлт гаргаж буй иргэдээс, иргэний үнэмлэхний дугаар, албан ёсны бүртгэлтэй оршин суугаа хаяг, төрсөн он, сар, өдөр, гэрлэлтийн байдал, хүүхдийн тоо, утасны дугаар, имэйл хаяг, хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлмөр эрхэлдэг бол сарын нийт орлого, нийгмийн халамжийн тэтгэмж авдаг эсэх, түрээсийн байранд суудаг эсэх, суудаг бол түрээсийн сарын төлбөр, сарын зарлагын хэмжээ, өрхийн гишүүдийн тоо, өрхийн нийт орлого, банкны данстай эсэх зэрэг асуумж мэдээллийг авч, үнэлж, шаардлагатай гэж үзсэн иргэдэд мөнгөн тэтгэмж олгож байгаа ажээ.
“КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА”
(БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ЖИШЭЭГЭЭР)
Дэлхий нийтийг хамраад буй цар тахал өөрийн оронд бүртгэгдэхээс өмнө БНСВУ-ын төр засаг анхаарч, учирч болзошгүй аюулын эсрэг авч хэрэгжүүлэх арга замаа тодорхойлж эхэлсэн. Ийм ч учраас харьцангуй хохирол багатайгаар аюулыг сөрж, бүрэн хяналтандаа аваад байна. 97,7 сая хүн амтай тус улсад өнөөдрийн байдлаар 1304 тохиолдол бүртгэгдсэнээс 1142 нь эдгэрч, нас баралт 35 байна.
БНСВУ-ын Эрүүл мэндийн дэд сайд, доктор Нгуен Тань Лонг 4 дүгээр сарын 30-нд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн чуулганд оролцохдоо “КОВИД-19 тахлыг хянах Вьетнамын туршлага бол улс төрийн системийн манлайлал, Засгийн газрын оновчтой шийдвэрийн цогц нийлбэр бөгөөд үндсэн стратеги нь урьдчилан сэргийлэлт – эрт илрүүлэлт – нарийн тусгаарлалт ба тохирсон эмчилгээ юм” хэмээн мэдэгдсэн.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, доктор Данг Куан Тан өнгөрсөн хугацаанд Вьетнам улс гадаадаас буцаж ирсэн бүх зорчигчдыг хатуу хяналтандаа байлгаж, олон нийтийн хяналтыг чангатгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр худал ташаа мэдээ дамжуулахгүй байх, үнэн зөв мэдээллээр хангахад маш сайн анхаарсан нь халдварын тархалтыг хумихад ихээхэн тус дэм болсон гэж үзсэн байна.
Халдварт өвчнийг хянах үр дүнтэй системийн ачаар Вьетнам улс халдварын талаар эрт сэрэмжлүүлж, цаг алдалгүй ажиллаж, өвчтөнүүдийг буюу бүртгэгдсэн тохиолдлуудын хавьтлыг мөрдөн мөшгиж, хатуу хөл хорионы дэглэмд шилжиж, голомтот цэгүүдийг тусгаарлах ажлыг хэрэгжүүлжээ. Цаашид, одоо байгаа хяналтын платформуудыг оновчтой болгох замаар КОВИД-19-ийн хяналтыг бэхжүүлэхэд чиглэгдэх болно. Өөрөөр хэлбэл, шалгах-ойрын хавьтлын хүмүүстэй холбоо тогтоох-эмчлэх, олон нийтийн дунд халдварын тархалтыг хянах илүү өргөн хувилбарыг бэлтгэхэд үргэлжлүүлэн анхаарна гэж мэдэгдэж байна.
Вьетнам улс КОВИД-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар өөрийн олж авсан туршлага, сургамж, чиг баримжааг бүс нутаг, олон улсын хэмжээнд байнга хуваалцсаар ирсэн ба ДЭМБ болон Азийн бусад орнуудаас өндөр үнэлгээ авдаг. Тухайлбал, энэ сард Сингапурын Үндэсний Их Сургуулиас цахимаар зохион байгуулсан “Эрүүл мэндийн ирээдүйн чиг хандлага” форумд Тайланд, Тайвань, Энэтхэг, Индонез, Филиппин, Бангладеш зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцжээ. Вьетнамыг төлөөлж Эмнэлгийн тусламж үйлчилгээний удирдлагын газрын дарга, Ковид-19 эмчилгээний ажлын хэсгийн орлогч дарга, доктор, дэд профессор Лыөнг Нгок Хуэ оролцож, Вьетнамын Эрүүл мэндийн яамны ойрын хугацаанд авч хэрэгжүүлж буй КОВИД-19-ийн эмчилгээний талаар, КОВИД-19 тахлын эрүүл мэндийн системд үзүүлэх нөлөө, Эрүүл мэндийн тогтолцооны үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулах зорилгоор эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг (дижитал анагаах ухаан) нэвтрүүлэх, теле зөвлөгөө өгөх, теле хяналт хийх гэх мэт туршлагаа хуваалцсан нь өндөр ач холбогдолтой болсон байна. Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эмчлэхэд ашигладаг бөгөөд энэ нь эмнэлгүүдийн хэт ачааллыг бууруулах, эрүүл мэндийн байгууллагууд болон эмчилгээний түвшинд хөндлөнгийн халдварыг бууруулахад дэмтэй.
КОВИД-19 тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй Вьетнамын туршлагыг багцалж томьёолбол:
1. Улс төрийн тогтолцоо, яамд, иргэдийн нягт хамтын ажиллагаа, удирдлагын нэгдсэн тогтолцоонд шилжих;
2. Өвчний нөхцөл байдалд тохирсон хариу арга хэмжээ авах стратеги, төлөвлөгөө боловсруулах;
3. Эмчилгээ, асаргаа, сувилгааны менежментийг оновчтой зохион байгуулах, тохиолдол бүрийн нарийвчилсан мэдээллийг хянах;
4. Мэргэжлийн гарын авлагыг тогтмол шинэчилж байх;
5. КОВИД-19 өвчний эмчилгээний тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэлийн журам боловсруулах;
6. Шинжилгээний лабораторийн системийг эмчилгээний байгууламжид бий болгох;
7. Яаралтай болон халдвартай өвчний сэхээн амьдруулах чиглэлийн мэргэшсэн хүний нөөцийн бодит байдлыг тооцоолж, нэмэлт сургалт зохион байгуулж, боловсон хүчний тоог нэмэгдүүлэхэд анхаарах;
8. Хөдөлгөөнт баг байгуулж, баг, хороодод тогтмол үзлэг хийх;
9. КОВИД-19-ийн эмчилгээтэй холбоотой зөвлөгөө өгөх Цахим төв байгуулах;
10. КОВИД-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн чанарын шалгуурт хяналт тавьж, тогтмол шалгаж байх;
Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй вьетнам иргэдийг тусгай үүргийн онгоцоор татан авсаар байгаа бөгөөд тэднийг 14 хоногийн хугацаанд зөвхөн эмнэлэгт тусгаарлаж байгаа нь маш зүйтэй үйлдэл гэж харж байна. Хэдийгээр нийт ард иргэддээ чиглэсэн санхүүгийн бодит дэмжлэг байхгүй ч гэсэн тусгаарлах байрны болон эмчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцаж байгаа аж.
Батлагдсан тохиолдол бүрийн ойрын болон дам хавьтлыг маш сайн олж илрүүлэх, тухайн голомтод бүхэлд нь (дүүргийн, эсвэл сумын хэмжээнд) ариутгал халдваргүйтгэлийг хийж байгаа нь халдварын тархалтыг хумихад чухал нөлөөтэй байна гэж үзэж болно. Зарим орон нутагт гарсан өвчний дэгдэлтийг богино хугацаанд бүсчилж, тусгаарлан, зайлшгүй шаардлагатай тархварын эсрэг арга хэмжээ авав.
Түүнээс гадна өдөрт 34000 орчим дээж авах хүчин чадалтай баталгаажуулах лаборатори 71-ийг улсын хэмжээнд ажиллуулж, иргэдийг шинжилгээнд олноор хамруулж байна. Ингэснээр өмнө нь 6 сард хийдэг байсан шинжилгээг сүүлийн нэг сарын хугацаанд хийгээд байгаа аж. Энэ нь санамсаргүй тохиолдлын тархалтыг хянах, бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.
Вьетнамын хувьд тээвэр ложистик нь урьдын адил тасалдалгүй, хэвийн хийгдэж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэглээний материал, маск, хамгаалалтын хэрэгсэл нөөц сайтай болсон. Эрүүл мэндийн салбар санхүүжилтээ төвлөрүүлж, 3700 амьсгалын аппарат авч нөөцөлсөн ба шаардлагатай үед орон нутаг, эрүүл мэндийн байгууллагуудад тусламжаар шилжүүлэхэд бэлэн байна.
Шадар сайдын мэдэгдсэнээр “энэ тахлын үеэр оновчтой арга хэмжээг цаг үеэ олсон, маш хурдан хугацаанд шуурхай хэрэгжүүлэх ёстой. Арга хэмжээ хурдан байх тусам үр дагавар багатайгаар тархалтыг хязгаарлах болно. Цар тахлын нөхцөл байдлыг хянахад хагас сараас нэг сар орчим хугацаа шаардагдана гэж таамаглаж байна” гэж мэдэгдсэн нь зөв болох нь батлагдлаа. Жишээлбэл, Хай Зыөнг мужид халдварын голомт илрэхэд хурдан, шийдэмгий үйлдлийн ачаар хяналт тавихад 10 орчим хоног зарцуулж, тархалтыг хумиж чаджээ.
Вьетнам улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах асуудалд эерэг амжилтанд хүрсэн нь улс төрийн систем, нийгэм, иргэдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм.
КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, цар тахлыг “дайны хэмжээнд авч үзэж” иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна аль болох эдийн засгийн хохирол багатайгаар даван туулах, макро эдийн засгийг тогтворжуулах нь аюулт цар тахлын дараа эдийн засгаа “хурдан сэргээх”, “бага хохирох” боломжийг нэмэгдүүлэх, олон улсын бизнесийн нийгэмлэг, хөрөнгө оруулагчдын аюулгүй, тогтвортой хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх чиглэлээр Вьетнам анхааран ажилласаар байна.
Танилцуулга мэдээ бэлтгэсэн:ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг, олон улсын байгууллага судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (PhD) Б.Цэнгэллхам
“КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА”
(ХБНГУ-ЫН ЖИШЭЭГЭЭР)
2020 оны 11 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн ХБНГУ-ын Засгийн газар цар тахлын эсрэг авах арга хэмжээгээ чангатгасан бөгөөд үүнийг товч багцлан авч үзвэл цар тахлын эсрэг ХБНГУ-ын баримталж буй өнөөгийн бодлого, арга хэмжээ дараах чиглэлд голлон төвлөрч байна. Үүнд:
1. Хүн амд халдвар хамгааллын дүрмийг сайтар танилцуулж мөрдүүлэх, хүмүүсийг бөөгнөрүүлэхгүй байх гэх мэт сэргийлэх арга хэмжээ авах,
o Ард иргэд AHA+AL (зайгаа барих, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахих, өдөр тутамд амны хаалтаа зүүх, Коронагаас сэрэмжлүүлэх апп хэрэглэх, агааржуулалт байнга хийх) дүрмийг чанд баримтлах,
o Албан газар, гэр орон, олон нийтийн газар иргэд зөвхөн онцгой нөхцөлд 10 хүртэл хүнээс доош тоотойгоор цугларч болох бөгөөд бусад үед цугларахаас зайлсхийх, айлд зочлох, аялалд явахыг хориглох,
o Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудыг тодорхой хугацаагаар хаах (дуурь, театр, кинотеатр, парк, тоглоомын төвүүд, үзэсгэлэн яармаг, усан сан, саун, фитнес, спорт заал зэрэг газрууд),
o Нийтийн хоолны газруудыг тодорхой хугацаагаар хаах (баар, диско, клуб зэрэг газрууд) боловч хоолны газраас захиалсан хоолоо аваад гарахыг бол зөвшөөрөх,
o Биед хүрч үйлчилгээ үзүүлдэг массаж, шивээс, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг газруудыг тодорхой хугацаагаар хаах боловч хөл арчилгаа болон сэтгэл заслын эмчилгээний газруудыг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх, үсчний газрыг халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор ажиллахыг зөвшөөрөх,
o Бөөний болон жижиглэн худалдааны газруудыг халдвар хамгааллын нарийн дэглэм баримтлан ажиллахыг зөвшөөрөх,
o Залуу үеийн ирээдүйд боловсрол нэн чухал учраас сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх газрыг халдвар хамгааллын нарийн дэглэм баримтлан ажиллахыг зөвшөөрөх,
o Бусад аж үйлдвэр, гар урлал, жижиг дунд үйлдвэрийг халдвар хамгаалын нарийн дэглэм баримтлан ажиллахыг зөвшөөрөх, албан байгууллага нь ажилтнуудаа халдвар авахаас сэргийлэх, халдвар авсныг богино хугацааны дотор тогтоон тодорхойлох арга хэмжээг авах, халдвар илэрсэн нөхцөлд тусгаарлах арга хэмжээг шуурхай түргэн зохион байгуулах,
o 2020 оны 11 дүгээр сард үйл ажиллагааг нь тодорхой хугацаагаар зогсоосон аж ахуйн нэгж, хувь хүн, холбоод, байгууллагад зохих хэмжээний нөхөн төлбөр олгох (жишээлбэл, 50 хүртэл ажилтантай аж ахуйн нэгжид өгөх нөхөн төлбөр нь өмнө жилийн мөн үеийн гүйлгээний 75 хувьтай тэнцэх бөгөөд тогтмол зардлыг мөн ерөнхийлөн тооцох)
o 2020 оны 12 дугаар сараас эхлэн өндөр эрсдэлтэй бүлгийн хүн бүрт долоо хоног тутамд 15 ширхэг FFP2 маскыг тараан хэрэглүүлэх, халдварыг богино хугацаанд оношлох түргэн оношлуурыг хэрэглэх,
2. Цар тахлын үед өндөр хариуцлага, ачаалал ногдож буй гэр бүл, өрхүүдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх,
o Хүүхэд бүрт 300 еврогийн бонус олгох (2020 оны 9 дүгээр сард 200 еврог, 10 дугаар сард 100 еврог тус тус олгох),
o Орлого багатай бөгөөд хүүхэдтэй айл өрхүүдэд сар бүр 185 евро хүртэлх хэмжээний хүүхдийн тэтгэлгийг олгож байгаа бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс уг тэтгэлгийн хэмжээг 205 хүртэл евро болгон нэмэгдүүлнэ, мөн ийм өрхийн хүүхдийг цэцэрлэгийн үдийн хоолны хураамжаас чөлөөлж, шаардлагатай гэж үзвэл сургуулийн хүүхдэддээ сурах бичиг, ном хэрэгсэл авахад зориулж мөнгөн тусламж олгоно,
o Өрх толгойлсон ганц бие эцэг эхчүүдийн хувьд орлогын албан татвараас хөнгөлөгдөх сарын орлогын хэмжээ 1908 евро байсныг 2020, 2021 онд 4008 евро болгон нэмэгдүүлэх,
o Өрх толгойлсон ганц бие эцэг эхчүүд нь хүүхдийнхээ эцэг буюу эхээс хүүхдийн тэтгэмжийн мөнгө огт авдаггүй эс бөгөөс тогтмол авч чадахгүй байгаа нөхцөлд олгодог хүүхдийн тэтгэмжийн мөнгө сар бүр хүүхэд тутамд 174 евро байсныг 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 309 евро болгон нэмэгдүүлэх,
o Сургууль, цэцэрлэг хаагдаж, эцэг эхчүүд хүүхдээ гэртээ харсан нөхцөлд 12 хүртэл насны хүүхэдтэй эс бөгөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд 10 хүртэл долоо хоногийн хугацаанд, харин ганц бие эцэг эхчүүдэд 20 хүртэл долоо хоногийн хугацаанд цалингийн 67 хувь буюу 2016 хүртэл еврогийн нөхөн төлбөр олгох (10 буюу 20 долоо хоногийн хугацааг нэг дор эс бөгөөс хэдэн сараар дамнуулан хэсэгчлэн хувааж болно),
o Цар тахлын улмаас албан байгууллагууд үндсэн ажилтнаа цөөлж, орон тооны бус ажилтнаа нэмж байгаа тул ийм орон тооны бус ажилтанд олгох цалингийн хэмжээ орон тооны ажилтны цалингийн 60-67 хувьтай тэнцэж байсныг 80-87 хувь болгон нэмэгдүүлж, уг зөрүүг Холбооны Хөдөлмөр эрхлэлтийн агентлагаас олгох,
o Амь зуулгаа залгуулах тэтгэмж олгох нөхцлийг хөнгөвчлөх,
o Цар тахлын улмаас сургуулиуд онлайн сургалтыг нэвтрүүлж буйтай холбоотойгоор шаардлагатай тоног төхөөрөмжийг боломж тааруу айл өрхийн хүүхдүүдэд олгох,
o Оюутнуудад төрийн сангийн зээл олгох нөхцлийг хөнгөвчлөх, Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас хүүгүй сургалтын зээл олгох,
3. Ковид-19-ын халдварын тархалтын цар хүрээг богино хугацааны дотор олж илрүүлэх, таслан зогсооход ихээхэн хувь нэмэр болж байгаа Коронагаас сэрэмжлүүлэх апп (ХБНГУ-ын Засгийн газрын захиалгаар Германы Роберт Кох Институтын зохион бүтээсэн Corona-Warn-App)-ыг цаашид хөгжүүлж, улам боловсронгуй болгох, хэрэглээг хэвшүүлэх,
4. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын өдөр тутмын ачааллыг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх зорилгоор SORMAS (Surveillance Outbreak Response Management and Analysis System – халдварын хавьтлыг тодорхойлох, хянах үүрэг бүхий систем) DEMIS (German electronic reporting and information system for infection protection – халдварын тухай цахим мэдээллийг боловсруулах холбооны нэгдсэн систем) системийг бүрэн нэвтрүүлэх, 2020 оны эцэс гэхэд тэдгээрийн хэрэглээний төвшинг 90 хувьд хүргэх, чингэхдээ мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах,
5. Цар тахлыг даван туулах хамгийн чухал арга хэрэгсэл болох вакцинжуулалтын ажилд онцгой анхаарал тавих, 2021 оны эхний улиралд багтан хүлээн зөвшөөрөгдсөн, үр дүнтэй вакцин гаргаж авах магадлал өндөр байгаа учраас ард иргэддээ вакцинжуулалт хийх бүтцийг бий болгох, вакцинжуулалтын төвүүдийг байгуулах бэлтгэл ажлыг хангах,
6. Ковид 19-ын халдварын хавьтлыг аль болох богино хугацаанд илрүүлж, тусгаарлах, өдөрт шинээр халдвар авагсдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор тэдгээрийн хавьтлыг дор бүр нь тогтоож, халдварыг хумиж чадахын тулд эмч, сувилагч, оношлуур, эм, хамгаалалтын хувцас хэрэгсэл, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхээс гадна хавьтлыг мөшгин тогтоох хүн хүчнийг цаг алдалгүй нэмэгдүүлж байх зэрэг болно.
Танилцуулга мэдээ бэлтгэсэн:ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбар, доктор (PhD) Ц.Лхам
“КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА”
(БНСУ-ЫН ЖИШЭЭГЭЭР)
БНСУ-д цар тахлын эсрэг арга хэмжээ авах зорилгоор Засгийн газраас мэдээллийн технологи ашиглан тандалт судалгаа хийх, холбоо барих, мөрдөх зэргийг тус улсын иргэд хүлээн зөвшөөрч байна. Учир нь сүүлийн үед нийт иргэдийн дунд явуулсан судалгаагаар өөрийн хувийн нууцыг нийгмийн эрүүл мэндийн төлөө золиослоход бэлэн гэж БНСУ-ын иргэдийн 84 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна.
Улс төрийн хандлагын хувьд цар тахал ихээхэн өөрчлөлтийг авчирч байна. Тухайлбал, улс төрийн өндөр ёс зүйг харуулах ёс суртахуунд суурилсан бөгөөд шаталсан Коллективизм (hierarchical collectivism)-ийн үзлийг цар тахлын эсрэг бодлого, стратегитэй уялдуулах нь зүйтэй гэх үзэл санаа гарах болжээ. Өөрөөр хэлбэл олонх нь цөөнхийн төлөө гэсэн хамтын хүчээр асуудалд хандана гэсэн санаа. Нөгөө талаар Швед улс нь олонхын төлөө цөөнхийг зосиослох бодлого бүтэлгүйтсэнийг саяхан хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.
Цар тахлын үеийн БНСУ-ын эрх зүйн салбарын шинэчлэл нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлснээр Засгийн газар өргөн цар хүрээнд ажиллах, хүн амын эсэргүүцлийг хааж, иргэдтэй ойлголцох боломжоор хангаж өгчээ. БНСУ-ын хууль тогтоох байгууллага цар тахлын эсрэг арга хэмжээнд зориулж төсвийн уян хатан менежмент хэрэгжүүлэн 12 хоногийн дотор 10 тэрбум ам.долларын төсөв батласнаар энэ онцгой нөхцөлд бүх зардлыг Засгийн газар болон эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрөөс хариуцан ажиллаж байгаа ажээ. Мөн иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, хол хорио тогтоох нь чухал бөгөөд бүтэц, ёс суртахуун, хууль, төсөв зэргээр цар тахлын эсрэг арга хэмжээ авах бүх нөхцөлийг бүрдүүлжээ.
БНСУ-ын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажилллагааны хэрэгжилттэй холбогдох зарим жишээг дурдвал:
1. Автомашин, метроны буудлуудад явуулын шинжилгээ авах цэгүүдийг олноор байгуулсан;
2. Мэдээллийн технологи, олон нийтийн радио, телевиз ашиглан олон нийтийг үнэн зөв, мэдээллээр тогтмол хангасан;
3. Программ ашиглан гэрийн хорио цээрийн хяналтын системийг сайн боловсруулсан;
4. Эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлсэн;
5. Халдварын тархалтыг мэдээлэх платформ боловсруулах гэх мэт хувийн хэвшлийнхний оруулсан хувь нэмрийг нэмэгдүүлсэн;
6. Зогсонги байдалд орсон салбаруудын захиргааны журмыг хялбарчилсан;
7. Цахим орчинд ажиллах, хурал, зөвлөгөөн хийх зэрэгт тусламж, дэмжлэг, зааварчилгаа үзүүлж, ялангуяа шашны цугларалтуудыг цахим хэлбэрт шилжүүлсэн;
8. Эмнэлгийн хог хаягдлын менежментийг хөгжүүлсэн;
9. Цахим хичээлийг нэмэгдүүлэн боловсронгуй болгосон;
10. Цагдаа, орон нутгийн засаг захиргаа, авлигатай тэмцэх газрын үүргийг нэмэгдүүлсэн;
11. Цар тахлын дараах үеийн Солонгосын шинэ тохиролцоо буюу цахим, дижитал системийг нэвтрүүлэх, экологийн цэвэр эдийн засгийг бүтээх гэх мэт арга хэмжээ авахаар төлөвлөсөн;
12. Олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд итгэлцэл бий болгох хүчин чармайлт гаргаж, англи хэлний TRUST/Transparency, Resilience, Unity, Safety Together/ буюу ИТГЭЛ хэмээх үгийг ашиглан илт тод, уяан хатан, нэгдмэл, хамтдаа аюулгүй байхаар гадаад бодлогоо чиглүүлж байгаа зэргийг дурдаж болохоор байна.
Танилцуулга мэдээ бэлтгэсэн:ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг, олон улсын байгууллага судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (PhD) И.Энхболд
“КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА”
(ЯПОН УЛСЫН ЖИШЭЭГЭЭР)
Япон улсын коронавирусын эсрэг халдвар хамгаалал, нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг товч танилцуулъя.
Халдвар хамгааллын чиглэл:
– Япон улс коронавирусын тархалт, халдвар хамгааллын талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг ард иргэдэд цаг тухайд нь мэдээлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тухайлбал телевизийн нэвтрүүлгийг өргөн ашиглахын сацуу интернет орчинд цахим сайт (Япон улсын Ерөнхий сайдын өргөөний хэвлэлийн албаны вэб сайт, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайт)-ууд, Facebook, Twitter, YouTube зэрэг сүүлийн үеийн харилцаа холбоо, мэдээллийн сувгуудыг өргөн ашиглаж эрүүл мэнд, эмнэлэгийн үйлчилгээ, эмчилгээ, нийгмийн халамж, ажил эрхлэлт зэрэг бүхий л өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдээллүүдээр ард иргэдээ хангаж байна.
– Халдвар дамжих эрсдэл бүхий ажлын байр тухайлбал, Өндөр настны асрамжийн газар, халдвартай иргэдийг тусгаарлаж буй Түр тусгаарлах байр зэрэгт роботуудыг ашиглах, техник хэрэгслүүдийг роботжуулах ажлыг нэвтрүүлж байна.
– Томоохон үйлчилгээний газруудад хүний оролцоогүй халуун хэмжих төхөөрөмжүүдийг суурилуулж эхэлсэн.
– Нийтийн хоол, үзвэр үйлчилгээний газруудад ухаалаг утсанд суурилсан тусгай аплекейшний тусламжтайгаар үйлчлүүлэгчдийн бүртгэлийг хийж буй нь тухайн үйлчилгээний газарт халдварын тохиолдол илэрвэл халдвар цааш дамжихаас богино хугацаанд сэргийлэх үүднээс тухайн газраар үйлчлүүлсэн бусад үйлчлүүлэгчдэд өөрийгөө хянах, хөдөлгөөнөө хязгаарлах талаар сэрэмжлүүлэг илгээх, шинжилгээнд цаг алдалгүй хамрагдах зэрэг давуу талуудыг олгож байна.
– Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ард иргэддээ ухаалаг утсандаа Хавьтлыг баталгаажуулах аплекейшн COCOA -ийг суулгаж гадуур гарахдаа өөрийн аюулгүй байдлаа хангахыг уриалж байна. Халдварын батлагдсан тохиолдолтой ойролцоогоор 1 метрийн зайд 15 минут буюу түүнээс дээш хугацаанд ойрхон байсан эсэхийг Хавьтлыг баталгаажуулах аплекейшн COCOA илрүүлэх ажээ.
Нийгмийн хамгааллын чиглэл:
– Япон улсын эдийн засагт жижиг дунд үйлдвэрүүд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Ойролцоогоор 3 сая 580 мянга гаруй жижиг дунд үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Япон улсын Засгийн газар коронавирусын халдварын тархалтын нөлөөгөөр уналтад ороод байсан эдийн засгаа сэргээхийн тулд жижиг дунд үйлдвэрүүдэд Тогтворжуулах мөнгөн тусламж 2 сая иэнийн дэмжлэг үзүүлж байна. Жижиг дунд үйлдвэрүүдийн өнгөрсөн оны мөн үеийн худалдаа, орлогын хэмжээг энэ оны мөн үетэй харьцуулан худалдаа, ашиг орлого нь буурсан жижиг дунд үйлдвэрүүдэд дээрх тусламжийг үзүүлж байна.
– Бэлэн мөнгөний дутагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай жижиг дунд үйлдвэрт хүүгүй зээл олгож байна. Ялангуяа Япон улсын Засгийн газраас маск, амьсгалын аппарат зэрэг эмнэлэгийн багаж хэрэгслийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангахаар зорьж, дээрх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлж байна.
Танилцуулга мэдээ бэлтгэсэн:ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан У.Загдцэсэм